Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Кубын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна
Трамп Кубын эсрэг богино хугацааны цэргийн ажиллагааг ч мэдээж авч үзнэ гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордныг орхихоосоо өмнө Кубын асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа мэдэгдлээ.
“Би албан тушаалаа орхихоосоо өмнө Кубын асуудлыг шийдмээр байна” гэж Трамп Salem News Channel-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Эцэг эх нь Кубаас гаралтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “үүнийг дуртайяа хийнэ” гэж Трамп нэмж хэлэв.
Кубын эсрэг богино хугацааны цэргийн ажиллагаа явуулахыг өөрөө эсэргүүцэх эсэх тухай хөтлөгчийн асуултад ерөнхийлөгч эсэргүүцэхгүй гэж хариулжээ. “Мэдээж би үүнийг авч үзнэ, тийм” гэж Трамп хэлэв.
АНУ Гаваныг “маш анхааралтай ажиглаж” байгаа бөгөөд тэнд байдал “маш муу” байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
Америкийн засаг захиргаанд Кубатай хийх хэлэлцээг Рубио хариуцдаг. Рубио Гаванатай холбоотой асуудлыг шийдэх арга замыг олно гэдэгт итгэлтэй байгаагаа Трамп өмнө нь илэрхийлж байв.
Трамп есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс Кубын одоогийн засгийн газрыг чадваргүй хэмээн тодорхойлж байв. Куба “урьд өмнө байгаагүйгээр сүйрч байгаа бөгөөд унана” гэж тэрбээр хэлж байв. Гэвч хожим нь Трамп Гаванатай тохиролцож чадна гэж итгэж байгаагаа хэлжээ.
АНУ энэ онд Кубад улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийлгэхийн тулд хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлжээ.



