Дэлхий

Трампын Ирантай хийж буй дайныг Америкийн зарим ахмад дайчин “сүйрэл” гэж шүүмжилжээ

Ахмад дайчдын өдрөөр зарим ахмад дайчин цэргийн уламжлалд Трамп өөрийн тамга дарж буйг ч эсэргүүцэж байна.

Newsweek2 мин унших

Зураг: Newsweek

Ахмад дайчдын өдрийг тэмдэглэж буй энэ үед АНУ-ын зарим ахмад дайчин Ираны дайныг Ерөнхийлөгч Дональд Трамп удирдаж буйг хатуу шүүмжилжээ гэж Ньюсвик сэтгүүл мэдээлжээ.

Пентагоны сүүлийн мэдээллээр, Ираны дайнтай холбоотой ажиллагаанд АНУ-ын 23 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 865 алба хаагч шархаджээ. Нас барсан цэргүүдийн 15 нь Эпик Фьюри ажиллагааны үеэр амь үрэгдсэн аж. АНУ, Израиль уг ажиллагааны хүрээнд 2 дугаар сарын 28-нд Ираныг цохиж эхэлсэн юм.

Тэнгисийн явган цэргийн ахмад дайчин Адам Даниган Ньюсвикт ярихдаа, Трамп цэргийн уламжлалд өөрийн тамга дарах гэж оролдож байгаа нь “түүний Иранд үүсгэсэн сүйрэл”-ээс анхаарлыг сарниулж байна гэжээ. Тэрбээр 2008 оноос 2013 он хүртэл Афганистанд алба хааж, дараа нь Тагнуулын төв газарт ажиллаж байсан бөгөөд энэ онд Виржиниа мужид Ардчилсан намын Конгрессын анхан шатны сонгуульд нэр дэвшиж байжээ.

Армийн ахмад дайчин Ник Паро “Ирантай хийж буй дайн худал дээр тогтсон” гэж хэлэв. Тэрбээр 2014 онд Афганистанд агентурын тагнуулын ажилтнаар алба хааж байсан, хөгжлийн бэрхшээлтэй ахмад дайчин юм. Дайны улмаас үнэ өсөж, хэрэгцээт бараа хомсдон америкчууд хохирч, холбоотнуудтай харилцаа суларсан гэж тэрбээр үзэж байна. Конгресс уг дайныг хараахан зөвшөөрөөгүйг ч тэрбээр шүүмжилжээ.

Трамп 2025 онд Арлингтоны үндэсний оршуулгын газарт болсон ёслолын үеэр 11 дүгээр сарын 11-ийг Дэлхийн нэгдүгээр дайны Ялалтын өдөр болгон мөн тэмдэглэнэ хэмээн мэдэгдсэн нь зарим ахмад дайчны дургүйцлийг төрүүлжээ. Гэхдээ баярын нэрийг албан ёсоор өөрчлөөгүй байна. Ахмад дайчдыг дайн ялалтаар төгссөн эсэх, байлдаанд оролцсон эсэхээс үл хамааран алба хаасных нь төлөө хүндэтгэдэг гэж Ветеранс фор Олл Воутерс байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Тодд Коннор хэлжээ.

Пью судалгааны төвийн 10 дугаар сарын судалгаагаар, америкчуудын 65 хувь нь Трамп Ирантай холбоотой цэргийн ажиллагааг удирдаж буйг дэмжээгүй бол 33 хувь нь дэмжжээ. ЮГов компанийн судалгаагаар 43 хувь нь дайныг эсэргүүцэж, 31 хувь нь дэмжсэн байна.

Засаг захиргаа Ахмад дайчдын хэрэг эрхлэх яамны 2026 оны төсвийг 441.2 тэрбум ам.доллар болгож, 2025 оныхоос 40.3 тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлэхийг санал болгосон юм.

Бусад мэдээ