Ухань Миссури мужийн эсрэг нэр төрийн хэргийг шүүхэд хэлэлцэж эхлэв
Миссури өмнө нь Хятадаас 24.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авахаар шүүхээр шийдүүлсэн юм.

Ухань хотын засгийн газар, Вирус судлалын хүрээлэнгийн АНУ-ын Миссури мужийн эсрэг гаргасан нэр төрийн нэхэмжлэлийг шүүх өнгөрсөн Баасан гарагт нээлттэй хэлэлцэж эхэлжээ гэж Дойче Велле мэдээлэв.
Ухань хотын дунд шатны шүүх хэрэг хэлэлцэж байгааг 11 дүгээр сарын 2-нд мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчид хариуцагчдыг худал мэдээлэл тарааж, нэр төрийг нь гутаасан гэж үзэж, олон нийтийн өмнө уучлалт гуйх, ойролцоогоор 356 тэрбум юань буюу 53 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаарджээ.
Хариуцагчаар Миссури муж, тус мужийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Эрик Шмитт, Эндрю Бэйли, одоогийн Ерөнхий прокурор Кэтрин Ханауэй татагдаж байгаа аж.
Миссури 2020 онд Хятадыг цар тахлын үеийн эдийн засгийн хохирлоор шүүхэд өгсөн юм. 2025 оны 3 дугаар сард АНУ-ын шүүх мужид 24.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгосон бөгөөд Хятад буруутгалыг үгүйсгэж, шийдвэрийг хүчингүй болгохыг хичээж байна.


