Унгарын ОТП групп Оросын зах зээлээс бүрэн гарах боломжийг судалж байна

Унгарын ОТП групп Оросын охин банкнаасаа ногдол ашиг авахад хязгаарлалт тулгарч байгаа тул түүнд хандах стратегиа эргэн харж, Оросын зах зээлээс бүрэн гарах боломжийг ч үгүйсгэхгүй байгаагаа тайландаа дурджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
“Балтийн орнуудад стратегийн сонирхолтой байгаа болон өнгөрсөн нэг жилд Оросоос нэмэлт ногдол ашиг авахад хязгаарлалт тулгарсныг харгалзан ОТП групп Оросын салбартаа хандах стратегиа, тэр дундаа Оросоос бүрэн гарах боломжийг эргэн харж эхэлсэн” гэж тайланд дурджээ. Эргэн харах ажил энэ оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байна.
ОТП групп Оросын охин компаниасаа ногдол ашиг авч байсан цөөн гадаадын компанийн нэг юм. Оросын Төв банкны тусгай зөвшөөрлөөр 2023 оны 9 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл нийт 67.7 тэрбум рублийн ногдол ашиг төлсөн байна.
Гэвч ОТП банкны хувьцаа эзэмшигчид 2025 оны 12 дугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн зөвлөмжийг үл харгалзан 2025 оны эхний 9 сарын үр дүнгээр ногдол ашиг төлөхгүй байхаар шийдэж, 2025 оны эцсийн ногдол ашгийг ч төлөхгүй болжээ.
ОТП банк 2026 оны гуравдугаар улиралд цэвэр ашгаа 7 хувиар нэмэгдүүлж, 51.4 тэрбум форинт буюу ойролцоогоор 13.1 тэрбум рубль болгосон нь өмнөх оны мөн үеийн 48.2 тэрбум форинтаас өндөр юм. Эхний 9 сарын цэвэр ашиг 1 хувиар өсч, 157.8 тэрбум форинтод хүрчээ.
Харин өөрийн хөрөнгийн өгөөж гуравдугаар улиралд 36.9 хувь болж, хоёрдугаар улирлын 41.4 хувь, өмнөх оны мөн үеийн 43.6 хувиас буурсан байна. Банкны хөрөнгө 9 дүгээр сарын 30-ны байдлаар 3.897 их наяд форинтод хүрч, 9 сарын дотор 17 хувиар өсчээ.
ОТП банк гуравдугаар улирлын байдлаар Интерфакс-100 жагсаалтад хөрөнгийн хэмжээгээр 19 дүгээр байрт явна.

