Уур амьсгалын хямрал бүх орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Эд Милибэнд мэдэгдэв
Дэлхийн дулаарал 1.5 градусын босгыг давах нь одоо гарцаагүй болсон тул илүү хатуу бодлого хэрэгтэй гэж Милибэнд үзэж байна.

Уур амьсгалын хямрал бүх орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж, шинжлэх ухааны уран зөгнөлт хувилбар мэт сүйрэл аль хэдийн бодит болж байна гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Эд Милибэнд Туркт цугларсан дэлхийн удирдагчдад Лхагва гарагт анхааруулахаар бэлтгэж байна. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
“Үндэсний аюулгүй байдал бол уур амьсгалын төлөөх тэмцлийн дараагийн фронт юм” гэж Милибэнд Анталья хотод үг хэлэхийн өмнө Гардиан сонинд хэлжээ. Түүний үзэж буйгаар, гаригийн хурдацтай дулаарал хүнсний хомсдол, эдийн засгийн өргөн хүрээний доголдол, шилжилт хөдөлгөөн, мөргөлдөөнд хүргэнэ.
Милибэнд сүүлийн гучин жилд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж чадаагүйн үр дагавартай дэлхий одоо нүүр тулах ёстой гэж үзэж байна. Температур 2 жилийн турш аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 градусаас дээш байгаа тул энэ босгыг хэтрүүлэх нь гарцаагүй болсныг тэрбээр онцлох юм.
Ираны дайны дараа нефтийн үнэ огцом өсч, инфляци хөөрөгдөж, төв банкууд хүүгээ өсгөсөн зэрэг чулуужсан түлшний цочрол улам хохирол учруулна гэж Милибэнд үзэж байна. “Глобал тогтворгүй байдлын шинэ эрин үед чулуужсан түлшний цочрол одоо хэвийн үзэгдэл болсон” гэж тэрбээр хэлжээ.
Тэрбээр цэвэр эрчим хүчинд илүү хөрөнгө оруулж, метаны ялгарлыг яаралтай бууруулж, ой модыг хамгаалж, өргөжүүлэхийг уриалах юм. Мөн уур амьсгалын арга хэмжээг цуцлахыг хүсдэг Консерватив нам, Реформ Ю Кей намыг далдуур шүүмжилжээ.
Милибэнд хоёр долоо хоног үргэлжлэх НҮБ-ын уур амьсгалын бага хурлын Лхагва, Пүрэв гарагт болох удирдагчдын хэсэгт оролцохоор Мягмар гарагийн орой Туркт хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд Энди Бернхэм Лхагва гарагт ирж, Пүрэв гарагт бусад удирдагчидтай хоёр талын уулзалт хийх төлөвтэй байна.
Ши Жиньпин, Нарендра Моди, Эмманюэль Макрон, Фридрих Мерц зэрэг томоохон орнуудын удирдагчид энэ жилийн бага хуралд оролцохгүй бол Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен оролцох юм.
Гэвч Бернхэмийн засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгаралгүй болох зорилтоосоо холдуулах бодлогын алхмуудаараа дотооддоо шүүмжлэлд өртөж байна. Засгийн газар 2030 он гэхэд цахилгаан машины эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагыг сулруулахаар төлөвлөж, Хойд тэнгист Жекдоу хийн шинэ ордыг зөвшөөрсөн бөгөөд Розбэнк нефтийн ордод лиценз олгох эсэхийг хэлэлцэж байна.



