Узбекистан Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн өмнө гар утасны импортын татварыг тэглэнэ
Тэг хувийн татвар хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй ч энэ нь хэлэлцээний эцсийн шатны тохиролцооны нэг болжээ.

Узбекистан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хэлэлцээний хүрээнд гар утасны импортын гаалийн татварыг 0 хувь болгохоор тохиролцсоныг Гаалийн хорооны газрын дарга Фарход Олимжонов 11 дүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн гэж Газета.уз сайт мэдээлжээ.
Түүний хэлснээр, Узбекистан элсэх хэлэлцээний эцсийн шатанд явж байна. Элсэх нөхцөлийн нэг нь гишүүн орнуудтай импортын гаалийн татварын хэмжээг тохиролцох явдал аж. “Эдгээр тохиролцооны хүрээнд бид гар утасны гаалийн татварыг 0 хувь байхаар тохиролцсон” гэж тэрбээр хэлжээ.
Одоогоор Ерөнхийлөгчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний тогтоолоор ухаалаг утас болон бусад гар утасны импортын татвар 5 хувь байна. Олимжоновын тооцоогоор, татварыг цуцлахад одоо 2 их наяд сум орж байгаа төсвийн орлого 300-400 тэрбум сумаар буурах ч иргэдэд гар утас бараг 5 хувиар хямдарна.
Тэрбээр тэг хувийн татвар хэзээнээс хэрэгжихийг тодруулаагүй байна.
Одоогоор гадаадаас оруулж буй бүх гар утсыг зорчигчийн гаалийн мэдүүлэгт тусгаж, утасны таних кодыг бүртгүүлэх шаардлагатай. Агаараар зорчиход хувийн хэрэгцээний барааг 1000 ам.доллар хүртэл татваргүй оруулж болно. Хэтэрсэн дүнгээс 30 хувийн нэгдсэн гаалийн төлбөр авдаг.
Гаалийн хорооны мэдээгээр, 2026 оны эхний арван сард Узбекистанд албан ёсоор 4.1 сая гар утас оруулсан нь өмнөх оны мөн үеэс 1 саяар их байв. Төсөвт орсон гаалийн төлбөр 2.1 дахин өсөж 2 их наяд сумд хүрчээ.
Узбекистан 1994 оноос хойш тус байгууллагад элсэх хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд удаан завсарласны дараа 2020 онд сэргээсэн юм. 2026 оны 7 дугаар сард ажлын хэсгийн 13 дахь хуралдаанаар бараа, үйлчилгээний зах зээлд нэвтрэх 31 хоёр талын хэлэлцээр байгуулснаа мэдээлсэн байна.
/file/attachments/orphans/Spotlight-ElNino-KZN_400668.jpg)

