Узбекистанд хиймэл оюун ухаан ашигласан гэмт хэргийн индекс нэвтрүүлнэ
Шинэ загварын тухай зарлигт Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гарын үсэг зуржээ.

Узбекистанд гэмт хэргийн нөхцөл байдлыг хиймэл оюун ухаан ашиглан үнэлэх индекс нэвтрүүлэхээр болжээ гэж Газета.уз сайт мэдээлэв.
Одоогийн үнэлгээ голчлон бүртгэгдсэн гэмт хэргийн статистикт тулгуурладаг юм.
Шинэ индекс статистикаас гадна хүн амын аюулгүй байдлын мэдрэмж, албан ёсоор бүртгэгдээгүй гэмт хэргийн түвшинг харгалзах аж. Төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн платформ байгуулж, хиймэл оюун ухаанаар гэмт хэргийн эрсдэлийг таамаглахаар тусгажээ.
Гэмт хэрэг гарсны дараа хариу үйлдэл үзүүлэхээс шалтгааныг нь урьдчилан илрүүлж арилгахад шилжихийг Мирзиёев 11 дүгээр сарын 4-нд даалгасан байна.
Албан ёсны мэдээллээр тус улсад таних чадвартай 263 мянган камер, 22 мянган түгшүүрийн товчлуур суурилуулсан байна. Хүнд нөхцөл байдалтай 809 махаллын 701 нь үзүүлэлтээ сайжруулж, энэ ангиллаас гарсан аж.
2014 онд батлагдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэ найруулгыг боловсруулж байгаа юм.



