Венесуэл энэ оны эхнээс АНУ руу 136.7 сая баррель газрын тос экспортолжээ

Венесуэл 2026 оны эхнээс АНУ руу 136.7 сая баррель газрын тос экспортолсон нь 2024, 2025 оны нийт нийлүүлэлтээс давжээ. Энэ тухай РИА Новости агентлаг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын мэдээллийг иш татан мэдээлэв.
Тус газрын мэдээллээр Венесуэл 2024 онд АНУ руу 83.39 сая баррель, 2025 онд 51.03 сая баррель газрын тос экспортолсон байна. Энэ хоёр жилийн нийт хэмжээ 134.42 сая баррель болсон нь энэ оны эхнээс нийлүүлсэн хэмжээнээс 2.3 сая орчим баррелиар бага юм.
Аравдугаар сарын 23-нд дууссан долоо хоногт Венесуэл АНУ руу 4.3 сая баррель буюу өдөрт 618 мянга орчим баррель газрын тос нийлүүлжээ. Оны эхнээс АНУ руу нийлүүлсэн Венесуэлийн газрын тос өдөрт дунджаар 464 мянган баррель болж, 2025 оны мөн үеийнхээс 236 хувиар өссөн байна.
Нийлүүлэлт өссөн нь хоригийг зөөлрүүлсэн, мөн тус улсын засгийн газар АНУ-ын газрын тосны компаниудтай гэрээ байгуулсантай холбоотой аж.
Венесуэл 27 долоо хоног дараалан АНУ-д газрын тос нийлүүлэгч хоёр дахь том орон хэвээр байна. Тус улс Ирантай холбоотой байлдааны ажиллагааны улмаас экспортын тээвэрлэлтэд бэрхшээлтэй тулгарсан Саудын Арабыг гүйцэж түрүүлжээ.

