Владивостокоос Хойд Солонгос руу хоолны аялал эхэлжээ
Жуулчид ердийн аялалд очих боломжгүй Пхеньяны ресторануудаар зочилжээ.

Владивостокоос БНАСАУ руу аялал зохион байгуулдаг “Восток Интур” компани тус улс руу хоолны аялал эхлүүлснээ энэ сарын 16-нд мэдэгдлээ.
“Владивостокоос Хойд Солонгос руу хийсэн анхны хоолны аялал аль хэдийн болж өнгөрлөө. Жуулчид Пхеньянаас буцаж ирсэн. Хөтөлбөрт ердийн аялалд очих боломжгүй ресторанууд багтсан бөгөөд эдгээр ресторан зөвхөн зохион байгуулалттай хоолны аяллын бүлэг хүлээн авдаг бөгөөд аяллын чиглэл, цэсийг БНАСАУ-ын Аялал жуулчлалын газар зөвшөөрдөг. 2027 онд аяллыг сард нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
Жуулчид БНАСАУ-ын хоолны талаарх ердийн төсөөллөөс тэс өөр хоол амталжээ. “Зөвхөн кимчи, гоймон биш, мөн гучаас олон орцтой синсолло зэрэг арав гаруй төрлийн хоол байгааг харах сонирхолтой байлаа. Яг синсоллогоор нь биднийг “Корё” ресторанд дайлсан. Мэдээж теппаньяки, хар түрс, фуа-гра бидний гайхшралыг төрүүлсэн. Энэ нь “Рынра” ресторанд болсон. Тэнд жуулчдад зориулж бүхэл бүтэн хоолны шоу зохион байгуулдаг” гэж жуулчдын нэг Елена Титок хэлснийг мэдэгдэлд иш татжээ.
Аялал Владивостокоос нисэх онгоцоор хөдөлж, дөрвөн өдөр үргэлжилдэг бөгөөд нэг бүлэгт 10 хүртэл хүн явна. Жуулчид мөн Пхеньяны гол үзэсгэлэнт газруудаар зочилдог.
Компанийн захирал Инна Мухина өмнө нь БНАСАУ руу шинжлэх ухаан-танин мэдэхүйн аялал эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа РИА Новости агентлагт хэлж байжээ.
2024 онд Владивостокоос БНАСАУ руу шууд нислэг сэргэж, төмөр замын харилцаа нээгдсэн. 2025 онд Владивосток–Ражин чиглэлийн анхны шууд аялал жуулчлалын галт тэрэг явж эхэлсэн бол 2026 онд БНАСАУ-тай холбосон анхны авто замын гүүр болох Хасан–Туманган гүүр нээгдэж, түүгээр ачааны авто тээвэр явж байна.



