Дэлхий

Яллагдсан иранчууд Лондонгийн газрын зураг судалж буй нь бичлэгт буужээ

Гурван этгээдийг АНУ, Европт халдлага зохион байгуулж, Английн агаарын баазад хорлон сүйтгэх ажиллагаа төлөвлөсөн гэж буруутгаж байна.

The NationalTariq Tahir2 мин унших

Зураг: The National

АНУ болон Европт халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэж буруутгагдаж буй иранчууд Лондонд “анхаарлаа төвлөрүүлэх” кампанит ажил төлөвлөхдөө тус хотын газрын зургийг судалж буй нь бичлэгт буусан гэж АНУ-ын эрх баригчдын ил болгосон баримт бичигт дурдсаныг Зэ Нэшнл сонин мэдээлжээ.

АНУ-ын Хууль зүйн яам Мягмар гарагт найман зүйл ангиар ял тулгасан яллах дүгнэлтийг нийтэлжээ. Үүнд Иран, Иракийн давхар иргэншилтэй 32 настай Мохаммад Аль Саади, Ираны иргэн 48 настай Мохсен Мохажери, Иракийн иргэн 35 настай Мохаммад Али Аль Хассани нарыг терроризмтой холбоотой гэмт хэрэгт буруутгасан байна.

Тэднийг 9 дүгээр сард Глостершир дахь, АНУ-ын цэргийн нисэх онгоц, бие бүрэлдэхүүн байрлаж байсан Их Британийн Хааны агаарын цэргийн хүчний Фэйрфорд баазад халдлага үйлдэхийг зохион байгуулсан гэж үзэж байна. Их Британийн Ерөнхий сайд Энди Бернам Фэйрфорд дахь үйл ажиллагааг Иран зохицуулсан байх магадлалтай гэж мэдэгдсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсанаар, Аль Саади Нью-Йоркийн шоронд байхдаа гэр бүлээрээ дамжуулан нууц үгтэй мессеж илгээж, Фэйрфордын төлөвлөгөөг удирдсан аж. Түүнийг өмнө нь Европ, АНУ дахь еврей болон Ираны сөрөг хүчний байруудад хэд хэдэн халдлага зохион байгуулсан хэргээр баривчилсан юм.

Яамны нийтэлсэн зурагт Мохажери, Аль Хассани нар Иракт нэгэн өрөөнд компьютерын дэлгэц дээр Лондонгийн газрын зураг харж буй харагдана. Тэр уулзалтын бичлэгт хоёулаа Лондонд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж ярьсан бөгөөд зургаан хоногийн дараа анхны халдлага болжээ.

Яллах дүгнэлтэд дурдсанаар, Аль Хассани 8 дугаар сарын 26-нд нэгэн хүнд мөнгө төлж, баазыг тагнуулж, ойр орчмын бичлэг илгээхийг даалгажээ. 9 дүгээр сард тэрбээр хэд хэдэн хүнд мөнгө өгч, фургон машин, баррель түлш худалдан авах, тэсрэх бодисын хэлтэрхий болох төмөр эд зүйл хайх зэргээр бэлтгэл хангуулсан гэх.

Хуйвалдагчид фургонууддаа түлш хүргэх компани, усан сангийн хэрэгсэл нийлүүлэгчийн лого наасан байжээ. Аль Хассани 9 дүгээр сарын 26-нд гурван фургоныг баазын зүг явуулж, жолооч нартай байнга холбогдож байсан гэх. Маргааш нь өглөө эрт гурван фургоныг хураан авчээ.

Фэйрфордын хэргээр Их Британийн Үндэсний аюулгүй байдлын хуулиар яллагдсан 24 настай Мохмед Абдулкарим, Нуман Эссгир нарын хэргийг 11 дүгээр сарын 20-нд Олд Бейли шүүх дахин хэлэлцэнэ.

Бусад мэдээ