Япон АСЕАН-ы форумд зөвхөн батлан хамгаалах чиг баримжаатай бодлогоо баримтлахаа амлажээ
Япон энэ хавар үхлийн аюултай зэвсэг экспортлохыг зөвшөөрсөн ч энх тайванч замаа өөрчлөхгүй гэж сайд мэдэгджээ.

Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми пүрэв гарагт бүс нутгийн батлан хамгаалахын форум дээр тус улсын зөвхөн батлан хамгаалах чиг баримжаатай бодлогыг баримтлахаа амлажээ. Энэ нь Японы батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх төлөвлөгөө өнгөрсөн милитаризмыг сэргээж байна гэсэн Хятадын мэдэгдлийн хариу бололтой. Энэ тухай Кёодо агентлаг мэдээлэв.
Коизүми Филиппинд болсон АСЕАН-ы орнуудын батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтад Япон хүнд аюулгүй байдлын орчинд хариу үйлдэл болгон аюулгүй байдлын гол баримт бичгүүдээ оны эцэс гэхэд шинэчлэхдээ «ил тод байдлын үлгэр жишээ» үзүүлнэ гэжээ.
Мөн тэрбээр Япон энэ хавар батлан хамгаалах техник, технологи шилжүүлэх гурван зарчмаа шинэчилж, устгагч хөлөг, сөнөөгч онгоц зэрэг үхлийн аюултай зэвсэг худалдах боломжтой болсныг тайлбарлажээ.
«Өөрчлөгдөж байгаа зүйл бол өөрсдийгөө хамгаалах, энэ бүс нутагт хувь нэмрээ оруулах чадавх юм. Өөрчлөгдөхгүй зүйл бол энх тайванч орны хувьд дайны дараах бидний зам, хууль дээдлэх ёс, ил тод байдал, бүрэн эрхийг хүндэтгэх явдал. Юуны түрүүнд манай зөвхөн батлан хамгаалах чиг баримжаатай бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй» гэж Коизүми хэлжээ.
Батлан хамгаалахын сайд далайд ноцтой үйл явдал гарсан тохиолдолд харилцаа холбоо чухал болохыг онцолж, яриа хэлэлцээ үл ойлголцол, мөргөлдөөнөөс сэргийлдэг гэжээ.
АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтад тус бүлгийн 11 гишүүн болон Япон зэрэг найман харилцан ярилцагч түнш оролцдог.



