Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдлийн дараа Хятадаас Япон руу нийлүүлэх иттри огцом буурчээ
Иттриг тийрэлтэт хөдөлгүүр, зарим эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд мөн ашигладаг.

Хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой ховор шороон элемент иттрийн Хятадаас Япон руу хийх экспорт 1-9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 98 хувиар буурсныг Хятадын гаалийн мэдээг иш татан Киодо агентлаг мэдээлжээ.
Энэ хугацаанд экспорт ердөө 18 тонн байсан нь өмнөх оны 887 тонноос эрс бага юм.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд Тайваньд гарч болзошгүй онцгой нөхцөлийн талаар мэдэгдэл хийснээс хойш Бээжин ховор шороон элемент зэрэг давхар зориулалттай бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгасан юм.
«Бид одоогоор нөөцөөрөө аргалж байгаа ч иттри худалдан авах улам хэцүү болж байгаа тул ирээдүйд санаа зовж байна» гэж Японы электроникийн томоохон компанийн албан тушаалтан хэлсэн байна.
Япон иттригүй болно гэдэг үндэслэлгүй гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Минору Кихара мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн яам экспортын хязгаарлалт нь Японыг дахин цэрэгжихээс сэргийлэх зорилготой гэжээ.
Хятадын иттрийн нийт экспорт 26 хувиар буурч 934 тонн болсон ч Герман, Өмнөд Солонгос руу нийлүүлэлт өсч, АНУ руу экспорт бараг хоёр дахин нэмэгджээ.



