ЕХ-ны Зөвлөл, Европын парламент 2027 оны төсвийн талаар тохиролцжээ
Шинэ төсөв Украин, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой хямралыг даван туулах боломж олгоно гэж ЕХ-ны Зөвлөл үзэж байна.

Европын холбооны Зөвлөл, Европын парламент 2021-2027 оны олон жилийн санхүүгийн төлөвлөгөөний долоо дахь буюу сүүлийн жилийн төсөв болох 2027 оны төсвийг тохиролцжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Төсөв 199.7 тэрбум еврогийн төсвийн үүрэг, 211.5 тэрбум еврогийн бодит төлбөрөөс бүрдэнэ. Мөн гэнэтийн хэрэгцээнд шуурхай хариу өгөх 710.1 сая еврогийн нөөц хадгалжээ.
Төсөвт батлан хамгаалах, аюулгүй байдалд 3.08 тэрбум еврогийн үүрэг, 2.23 тэрбум еврогийн бодит төлбөр, Украинд зээлийн дэмжлэг үзүүлэхэд 0.65 тэрбум евро, шилжилт хөдөлгөөн, хилийн хяналтад 5.81 тэрбум, 3.88 тэрбум евро тусгасан байна.
“2027 оны төсөв тэнцвэртэй байх ёстой” гэж ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Ирландын Сангийн сайд, төсвийн хэлэлцээний ахлагч Саймон Харрис хэлжээ. Түүний хэлснээр, төсөв гишүүн орнуудын төсөв, татвар төлөгчдөд нэмэлт ачаалал үүсгэлгүйгээр холбоонд шийдвэртэй арга хэмжээ авах хөрөнгө олгох юм.
Европын парламент, ЕХ-ны Зөвлөл тохиролцоог албан ёсоор батлах ёстой бөгөөд Зөвлөл 11 дүгээр сарын 23-нд батлах төлөвтэй байна. 11 дүгээр сарын 26-нд Брюссельд ЕХ-ны ээлжит бус дээд хэмжээний уулзалт болж, 2028-2034 оны урт хугацааны төсвийг хэлэлцэх юм.


