Европын биржийн хийн дундаж үнэ аравдугаар сард 12 хувиар өсжээ
Ойрх Дорнодын мөргөлдөөн, газар доорх агуулахын нөөц бага байгаа нь Европын хийн үнийг 2022 оноос хойших дээд түвшинд хүргэжээ.

Европын биржийн хийн дундаж үнэ аравдугаар сард есдүгээр сартай харьцуулахад 12 хувиар өсөж, мянган шоо метр тутамд 1005 ам.долларт хүрсэн гэж Лондонгийн биржийн мэдээлэлд тулгуурлан РИА Новости агентлаг тооцоолжээ.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж, Ормузын хоолойгоор тээвэрлэлт тасалдаж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Үнэ сарын дундуур мянган шоо метр тутамд мянган ам.доллараас давжээ.
Европын газар доорх хийн агуулахуудын дүүргэлт аравдугаар сарын 20 гэхэд ердөө 74.58 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших хамгийн бага түвшин юм. Тэр өдөр Европ хий шахахаа зогсоож, агуулахаас татаж эхэлсэн нь халаалтын улирал эхэлснийг илтгэнэ.
Мөн Катарын Катар Энержи компани Ази, Европын хэрэглэгчдэд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлөө арванхоёрдугаар сарын эцэс хүртэл сунгасан, ЕХ 2027 оны нэгдүгээр сараас Оросын хийн импортыг зогсооно гэсэн хүлээлт үнийг өсгөжээ.
Нидерланд дахь Европын хамгийн том хийн төвийн индексийн ойрын фьючерсийн үнэ аравдугаар сарын 30-нд 1204 ам.доллар хүртэл өссөн бөгөөд 1.2 мянган ам.доллараас 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш анх удаа давлаа. Сарын хамгийн бага үнэ аравдугаар сарын 2-нд 830.9 ам.доллар байжээ.
Хийн үнэ АНУ, Израиль Иранд цохилт өгч эхэлсний дараах анхны арилжааны өдөр буюу гуравдугаар сарын 2-ноос өсөж эхэлсэн. Европын хийн төвүүд 1996 онд ажиллаж эхэлснээс хойших түүхэн дээд үнэ 2022 оны хавар мянган шоо метр тутамд 3892 ам.доллар байсан юм.



