Эрчим хүч

Европын холбоо, Канад чухал эрдэс бодис, шингэрүүлсэн хийн асуудлаар тохиролцов

Хоёр тал Канадын шингэрүүлсэн хийг Европ руу экспортлох боломжийг ч судлахаар болжээ.

Politico EuropeJames Fernyhough1 мин унших

Зураг: Politico Europe

Европын холбоо, Канад хоёр Канадын чухал эрдэс бодист Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээг тохиролцжээ. Энэ нь хоёр талын түүхий эд, эрчим хүчний худалдааг нэмэгдүүлэх өргөн хүрээтэй хэлэлцээрийн нэг хэсэг юм. Энэ тухай Политико Европ сонин мэдээлэв.

Европын холбоо баасан гарагт Монреальд Канадын засгийн газартай хэлэлцээ хийсний дараа Канадын чухал нөөц, ялангуяа чухал түүхий эдэд Европын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээг дуусгаснаа баталжээ. Хөрөнгө оруулалтыг холбооны зээлийн байгууллага болох Европын хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан хийх аж.

Хоёр тал мөн Канадын шингэрүүлсэн байгалийн хийг Европ руу экспортлох урт хугацааны техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийнэ. Канад хийн баялаг нөөцтэй ч зүүн эргээсээ хийг шингэрүүлж экспортлох дэд бүтэц одоогоор алга.

“Бид Канад болон Европын холбоонд олборлолт, боловсруулалт, цэвэршүүлэлт, үйлдвэрлэл, дахин боловсруулалт зэрэг үнэ цэнийн гинжин хэлхээний дагуу чухал түүхий эдийн төслүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжих хамтын ажиллагааг түргэсгэнэ” гэж хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Тэд мөн хамтын ашиг сонирхлын төсөл гэж тодорхойлсон гуравдагч орнуудын түүхий эдийн төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлахаа мэдэгджээ.

Эдгээр амлалт олон улсын дүрэмд суурилсан дэг журмаас холдож буй дэлхийд өөрсдийгөө ижил үзэл бодолтой ардчилал гэж үздэг Европын холбоо, Канадын харилцааг гүнзгийрүүлэх өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм. Хамтарсан мэдэгдэлд аюулгүй байдал, худалдаа, технологи, хиймэл оюун, өрсөлдөөний бодлого, санхүүгийн үйлчилгээ, соёлын солилцоо зэрэг асуудлыг ч тусгажээ.

Бусад мэдээ