Алибаба Ти-Хэд чипийн охин компаниа Хонконгийн биржид гаргахаар төлөвлөжээ
Ти-Хэдийн хувьцааны арилжаа сүүлийн жилүүдэд Хонконгт болсон хагас дамжуулагчийн хамгийн том анхдагч арилжааны нэг болж магадгүй юм.
Алибаба групп бүрэн эзэмшлийн охин компани Ти-Хэд Семикондакторыг тусгаарлан Хонконгийн хөрөнгийн биржийн үндсэн самбарт бие даан бүртгүүлэхээр төлөвлөж буйгаа зарласныг Цайлянь хэвлэл Мягмар гарагт мэдээлжээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Хонконгийн бирж Алибабад энэ ажиллагааг үргэлжлүүлж болохыг баталсан байна. Ти-Хэд 2026 оны 9 дүгээр сарын 11-нд биржид бүртгүүлэх өргөдлөө нууцаар гаргасан бөгөөд олон нийт болон институцийн хөрөнгө оруулагчдад хувьцаа санал болгох юм.
Алибаба Ти-Хэдийг өгөгдлийн төвийн чипийн бүрэн шийдэл санал болгодог Хятадын тэргүүлэх нийлүүлэгчдийн нэг гэж тодорхойлжээ. Тусгаарласны дараа ч Ти-Хэд Алибабагийн охин компани хэвээр байх төлөвтэй ч хувьцааны арилжааны хэмжээ, бүтэц, Алибабагийн эзэмшлийн өөрчлөлт тодорхой болоогүй байна.
Энэ ажиллагааг Хонконгийн биржийн бүртгэлийн хороо батлах, Хятадын Үнэт цаасны зохицуулах хороонд бүртгүүлэх зэрэг шаардлагыг хангах ёстой юм.
Өмнөх мэдээллээр, Ти-Хэд 2027 онд Хонконгт хувьцаагаа олон нийтэд санал болгож, 2-оос 3 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө босгохоор төлөвлөж байжээ.