Эрчим хүч

Хятад сэргээгдэх эрчим хүчинд шилжих дэлхийн үйл явцад гол үүрэг гүйцэтгэж байна гэж Крис Боуэн мэдэгдэв

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2030 он гэхэд Хятад, ЕХ, Японы нийт хүчин чадалтай дүйцэхүйц хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна.

ECNS1 мин унших

Хятад ногоон технологид оруулж буй хөрөнгө оруулалтаараа дэлхий даяар нарны эрчим хүч, батарейн өртгийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих үйл явцад гол үүрэг гүйцэтгэж байна гэж Австралийн Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.

Боуэн Туркийн Анталья хотод Мягмар гарагт нээгдсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурлын үеэр Хятадын павильонд болсон арга хэмжээнд ийн хэлжээ. Тэрбээр уг бага хурлын хэлэлцээний ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Түүний хэлснээр, дэлхий эрчим хүчний хүнд хямрал, чулуужсан түлшнээс хамааралтай байдлын үр дагавар, хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс үүдэлтэй эрчим хүчний эрэлтийн огцом өсөлт зэрэг олон сорилттой тулгарч, хүмүүсийн амьжиргааны өртөг өсч байна. Гарц нь сэргээгдэх эрчим хүчийг хурдасгаж, цахилгаанжуулалтыг ахиулахад оршино гэж тэрбээр үзжээ.

“Улс орон бүр чухал, гэхдээ хэмжээ, жин, дэлхийд үзүүлэх нөлөөгөөрөө Хятадаас илүү чухал улс байхгүй” гэж Боуэн хэлсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн Сэргээгдэх эрчим хүч 2025 тайланд дурдсанаар, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2030 он гэхэд 4,600 гигаваттаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь Хятад, ЕХ, Японы нийт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нийлүүлсэнтэй ойролцоо юм.

Бусад мэдээ