АНУ, Армени, Азербайжан «Трампын маршрут»-ыг хөгжүүлэх гурван талт техникийн бүлэг байгуулжээ
Төсөл нь Армений нутгаар дамжин Азербайжаныг Нахичевань, цаашлаад Турктэй холбохоор төлөвлөгдсөн.

АНУ, Армени, Азербайжан улс Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут хэмээх төслийг хөгжүүлэх гурван талт техникийн бүлэг байгуулсныг АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд үндэслэн Интерфакс агентлаг мэдээлжээ.
Бүлгийн ажлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслах Брендан Ханрахан, Арменийн Гадаад хэргийн дэд сайд Ваан Костанян, Азербайжаны Гадаад хэргийн дэд сайд Эльнур Мамедов нар эхлүүлжээ. Бүлэгт гурван орны улс төрийн төлөөлөгчид, техникийн мэргэжилтнүүд орно.
Бүлгийн зорилго нь урт хугацааны тогтвортой байдал, эдийн засгийн идэвх, бүс нутгийн холбоо, арилжааны хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхэд хамтран ажиллах юм.
Талууд мөн тээвэр, цахилгаан эрчим хүчний асуудлаар өөр хоёр бүлэг байгуулахаар тохиролцсон. Эдгээр бүлэг нарийн төвөгтэй техникийн асуудлыг шийдвэрлэж, төслийг бүс нутгийн бусад дэд бүтэцтэй уялдуулах зэрэг дараагийн шатыг бэлтгэнэ.
Оролцогчид маршрутыг аль болох хурдан хэрэгжүүлж эхлэх хүсэлтэй байгаагаа баталжээ.
2025 оны 8 дугаар сард АНУ, Армени, Азербайжаны удирдагчид тунхаглалд гарын үсэг зурж, Ереван Вашингтон болон гуравдагч талуудтай хамтран автозам, төмөр зам, нефть, хийн дэд бүтэц барих төслийн хүрээг тодорхойлохоор тохирсон юм. Маршрут Армений нутгаар дайрах 42 километр замаар Азербайжаны үндсэн нутгийг Нахичеваны автономит бүгд найрамдах улстай, цаашлаад Турктэй холбох юм.
