АНУ-ын Худалдааны яам Мегаспид компанийг худалдааны хар жагсаалтад оруулахыг хойшлуулжээ
Хэд хэдэн холбооны байгууллага компанийг жагсаалтад оруулахыг шаардаж байхад Худалдааны яам хоёр сарын турш шинэ компани нэмэхийг хойшлуулсаар байна.

АНУ-ын тагнуулын албаныхан Хятадын тагнуулч гэж үздэг Элис Хуаны Сингапурт төвтэй Мегаспид компанийг АНУ-ын Худалдааны яам аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулахгүй удааж байгааг Франс Интернэйшнл радио Файнэншл Таймс сониныг иш татан мэдээлжээ.
Аксиос сайтын эх сурвалжуудын мэдээлснээр, Худалдааны сайд Ховард Лутник Нвидиа компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан тагнуул хийсэн гэж сэжиглэгдэж буй Элис Хуантай холбоотой гэж анхааруулсан маш нууц санамж бичиг хүлээн авчээ.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хяналтан дор бэлтгэсэн уг санамж бичгийг Элис Хуаныг тандан судалж, Мегаспид компанийн чип хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүйг шалгасны үндсэн дээр бичжээ. Уг баримтыг Трампын энэ оны 5 дугаар сарын Хятад айлчлалын өмнө Вашингтоны өндөр албан тушаалтнуудад хүргүүлсэн байна.
Файнэншл Таймс сонины эх сурвалжуудын хэлснээр, Төрийн департамент, Эрчим хүчний яам, Сангийн яам, Пентагон зэрэг байгууллага Мегаспидийг хар жагсаалтад оруулахыг шахаж байгаа ч Худалдааны яам сүүлийн хоёр сард шинэ компани нэмэхийг хойшлуулж, зарим компанийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж тайлбарлаж байгаа аж.
“Худалдааны яам Мегаспидийг Хятадын тагнуулчид ажиллуулдгийг хэдэн сарын өмнө мэдэж байсан атлаа тэднийг 4.8 тэрбум ам.долларын Нвидиагийн чип худалдан авахыг зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй нь итгэмээргүй байна” гэж экспортын хяналтын өндөр албан тушаалтан асан Крис Макгуайр хэлжээ.
Америкийн компаниуд жагсаалтад орсон компанид технологи экспортлохын тулд Худалдааны яамны зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд энэ нь Хятадын цэргийн шинэчлэлийг саатуулах Вашингтоны хүчин чармайлтын нэг хэсэг юм.
АНУ нэг жил гаруйн хугацаанд үүлэн үйлчилгээ үзүүлэгч Мегаспид Нвидиагийн чипийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн эсэхийг шалгаж байна.