Архангельск мужид гүүр нурж, ачааны галт тэрэг замаас гарчээ
Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотуудын хооронд явдаг наад зах нь найман зорчигч галт тэрэг замдаа саатжээ.

Оросын баруун хойд хэсгийн Архангельск мужид төмөр замын гүүр нурж, ачааны галт тэрэг замаас гарсныг Москоу Таймс сайт мэдээлжээ.
Мужийн засаг дарга Александр Цыбульскийн хэлснээр осол Москвагийн цагаар 5:10 цагийн орчим болсон бөгөөд Виледь голын гүүрний нэг хэсэг нурснаар хэд хэдэн вагон замаас гарсан байна.
Ослоор хүн гэмтээгүй ч албаныхан онцгой байдлын арга хэмжээг зохицуулж байна.
Оросын төмөр зам компани зорчигчдыг автобусаар цааш тээвэрлэж, засварын багуудыг гүүр рүү илгээсэн ч замын хэсэг хэзээ хүртэл хаалттай байхыг мэдэгдээгүй аж.
Хууль хамгаалах байгууллагууд гүүр нурсан шалтгааныг шалгаж эхэлжээ.

