Асадын дэглэм унаснаас хойш сиричүүд улам ядуурч байна
Засгийн газар татаасаа танаж, чөлөөт зах зээл рүү огцом шилжсэнээр талх, түлш, цахилгааны үнэ хэд дахин өсчээ.

Сирийн хотуудад есдүгээр сард түлшний үнийг дахин нэмэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь Ахмед аш-Шараа хоёр жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн том дургүйцлийн илэрхийлэл болсон гэж Би Би Си-гийн орос хэлний алба мэдээлэв. Хэдэн өдрийн дараа үнийн өсөлтийг цуцалжээ.
Аш-Шараагийн удирдсан босогчид Башар Асадын дэглэмийг түлхэн унагаж, Асадын гэр бүлийн тавин жилийн харгис засаглал, арван гурван жилийн иргэний дайныг зогсоосон ч олон сирийн амьдрал мэдэгдэхүйц доройтжээ.
Засгийн газар хэмнэлтийн бодлогын хүрээнд Асадын үед олон жил үйлчилж байсан татаасыг эрс танасны дараа Сирийн гол хүнс болох талхны үнэ арав дахин өссөн байна. Түлшний үнэ дэлхийн дунджид хүрч, тээврийн зардал нэмэгдэж, олон компанийн цахилгааны тариф хэдэн зуун хувиар өсчээ.
Дамаскийн захын хороололд амьдардаг, цэвэрлэгчээр ажилладаг 50 настай Фатима Салех Эйд тахиа, мах худалдан авах боломжгүй болж, зөвхөн ногоо иддэг болсноо ярьжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээллээр 2025 онд сиричүүдийн 90 хувь ядуу амьдарч байжээ. 68 настай тэтгэвэрт гарсан Марван Башурын сарын орлого 90 орчим ам.доллар буюу төрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх бөгөөд тэрбээр зээл авч, гэрийнхээ эд хогшлыг зарж амьдардаг болжээ.
«Одоо бид өдөрт ганцхан удаа хооллодог. Энэ бол жинхэнэ эмгэнэл» гэж 63 настай Набиль аль-Ремхейн хэлжээ. Түүний насанд хүрсэн дөрвөн хүүхдийн нэг нь ч ажил олж чадаагүй бөгөөд гэр бүл нь цахилгааны төлбөрөөс айж гэрлээ бараг асаадаггүй аж.
Лондонгийн «Чатам Хаус» судалгааны төвийн шинжээч Хаид Хаидын үзэж байгаагаар хүн амын нэлээд хэсгийн байдал Асадын дэглэм унахаас өмнөхөөс ч дордсон бөгөөд хямрал нь зарим талаараа чөлөөт зах зээл рүү шилжих шинэ бодлогын шууд үр дагавар юм.
Сирийн удирдлага олон улсын хориг арга хэмжээг цуцлуулж, АНУ тус улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хассан зэрэг тодорхой амжилт гаргасан. Гэвч Дэлхийн банкны тооцоогоор хагас сая хүний амийг авч одсон дайны дараа улс орноо сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа юм.



