Бинансын гүйцэтгэх захирал хакерын халдлагад хэд хэдэн хүн оролцсоныг мэдэгдэв
Хакерууд ул мөрөө арилгадаг механизм ашиглаж, нэг бус цэгээр системд нэвтэрсэн нь шалгалтаар тогтоогджээ.

Криптовалютын Бинанс биржид хийсэн хакерын халдлагад хэд хэдэн хүн оролцсон гэж биржийн гүйцэтгэх захирал Ричард Тэн Икс сүлжээнд мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
“Энэ бол нэг хүний ажил биш. Анхны шалгалтаар халдлага хакердсан зөөврийн компьютертэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн ч дараагийн шалгалтаар нэвтрэлтийн нэмэлт цэгүүд илэрсэн” гэж Тэн бичжээ.
Түүний хэлснээр, хакерууд урагшлах явцдаа хэрэгсэл, ул мөрөө арилгадаг өөрийгөө устгах механизм ашигласан бөгөөд ажиллагааны зөвшөөрөл авахын тулд олон гарын үсэгтэй протокол ашигласан байна.
Бинанс одоогоор мөнгө татах үйлчилгээгээ дахин бүтээж, аюулгүй байдлын шалгалт хийж, хууль сахиулах байгууллага, блокчэйн шинжилгээний компаниуд, бусад биржүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Тэн компани хохирлыг нөхөх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй гэдгийг онцолжээ.
Бинанс аравдугаар сарын 30-нд хэрэглэгчдийн хохирлыг нөхөхөд 6.34 тэрбум гаруй ам.долларын өөрийн хөрөнгийг нөөцөлснөө мэдэгдсэн. Үүний 5 тэрбум ам.долларыг халдлагад өртсөн криптовалютаар байршуулсан бөгөөд үлдсэнийг нээлттэй зах зээл болон биржээс гадуурх хэлцлээр худалдан авч байна.
Салбарын түншүүдтэй хамтран 3 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаажээ. Биржийн тооцоогоор, хохирол 6.3 тэрбум орчим ам.доллар байна. Аравдугаар сарын 29-нд Бинансын үүсгэн байгуулагч Чанпэн Жао бирж хакерын халдлагад өртсөн байж болзошгүй гэж анх мэдэгдэж байсан юм.



