Давхар 11 баярын үеэр хятад хэрэглэгчид болгоомжтой хэвээр, цахим худалдаачид хиймэл оюун ухаан ашиглах болжээ
Үл хөдлөх хөрөнгийн уналтаас болж баялаг нь хорогдсон хятад өрхүүд томоохон худалдан авалтаас татгалзаж байна.

Хятадын хамгийн том онлайн худалдааны баяр болох Давхар 11-ийн борлуулалт тус улсын макро эдийн засгийн байдлын хэмжүүр гэгддэг гэж Дойче Велле мэдээлжээ. Синтан компанийн тайлангаар, 2025 оны Давхар 11-ийн үеэр цахим худалдааны нийт борлуулалт 1.7 их наяд орчим юань болж, 2024 оныхоос 14 орчим хувиар өссөн байна.
Худалдаачид энэ жил хямдралын хугацааг уртасгаж борлуулалтаа нэмэгдүүлэхийг оролджээ. Синтаны мэдээллээр, 10 дугаар сарын 7-ноос 31-ний хооронд энэ жилийн баярын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс ердөө 2.4 хувиар өссөн байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл удаан хугацаанд уналттай байгаа нь хятад өрхүүдийн баялгийг хорогдуулж байна. Орон сууцны үнэ 2021 оны оргил үеэсээ 20 орчим хувь буюу түүнээс ч илүү унажээ. Үндэсний статистикийн товчооны мэдээллээр, 2026 оны 1-9 дүгээр сард хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт ердөө 1.1 хувиар өссөн байна.
“Дотоодын эрэлт сэргэнэ гэсэн өөдрөг хандлага алга болж, зах зээлийн итгэлийн сайжрал ч удаа дараа түр зуурынх болж хувирсан” гэж Конференц Бордын Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Макс Зенглайн хэлжээ. Худалдаачид жилийн турш хямдрал зарладаг тул хэрэглэгчид хямдралаас залхаж эхэлснийг Апертюр Чайна судалгааны компанийн үүсгэн байгуулагч Ялин Жян онцолжээ.
Автомашин, тансаг зэрэглэлийн бараа зэрэг үнэтэй бүтээгдэхүүний борлуулалт хамгийн их нэрвэгдэж байна. Энэ оны 1-9 дүгээр сард Хятадын дотоодын суудлын автомашины борлуулалт бараг 25 хувиар унажээ. ЛВМХ, Керинг групп Хятадын зах зээл дэх эрэлт суларсныг мэдэгдсэн байна.
Харин эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүний борлуулалт харьцангуй сайн байна. Бээжинд төвтэй Ви Пи Ай Си зөвлөх компанийн мэдээллээр, 9 дүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд импортын загасны тосны онлайн борлуулалт бараг 43 хувиар өсөж, нойр, үе мөч, ясны эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний борлуулалт 28-аас 37 хувь хүртэл нэмэгджээ.
Алибаба зэрэг цахим худалдааны аварга компаниуд хэмнэлттэй хэрэглэгчдээр илүү их худалдан авалт хийлгэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглах болжээ. Тухайлбал, баярын хямдрал эхлэхээс өмнө захиалга боловсруулах, бүтээгдэхүүн санал болгоход туслах зорилгоор Алибаба өөрийн Тунъи Чяньвэнь загварыг Таобао, Тянмао платформууддаа нэвтрүүлсэн байна.
Олон өрх зарцуулалтдаа болгоомжтой болж, залуучуудын ажилгүйдэл 18 орчим хувьд хүрсэн ч Хятадын өрхүүдийн нийт хадгаламж асар их хэвээр байна. Хятадын төв банкны мэдээллээр, 2026 оны 7 дугаар сарын сүүлийн байдлаар өрхийн хадгаламж 172.84 их наяд орчим юань байжээ.

