Дүрвэгсдийн 90 сая орчим нь уур амьсгалын ноцтой эрсдэлтэй тулгарч байна гэж НҮБ мэдэгдэв
Уур амьсгалын санхүүжилт эрсдэл хамгийн өндөр бүлгүүдэд хүрэхгүй байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын газар шүүмжилжээ.

Дэлхийн албадан нүүлгэгдсэн хүмүүсийн дөрөв тутмын гурав буюу 90 сая орчим хүн гантай, үерт, аюултай халалтад өртөх эрсдэл өндөр оронд амьдарч байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын газар тайландаа дурдсан гэж Си Жи Ти Эн телевиз мэдээлжээ.
Тайланг Туркийн Анталья хотод болох КОП31 бага хурлын өмнөхөн нийтэлсэн бөгөөд дүрвэгсдийн найман төлөөлөгчийн түүхийг багтаажээ.
2026 оны эхний хагаст эх орондоо буцсан дүрвэгсдийн гуравны хоёроос илүү нь уур амьсгалын эрсдэл өндөртэй оронд очсон байна. Жишээ нь, Сирид буцаж ирэгсэд гүний усны түвшин буурч буй асуудалтай тулгарч байгаа юм.
Агентлагийн тооцоогоор 2050 он гэхэд Сахарын өмнөд Африкийн дүрвэгсдийн суурингийн гурав тутмын нэг нь жилд дор хаяж 100 хоног аюултай халалтад өртөж болзошгүй. Этиопын Хэлавейн зэрэг суурингуудад энэ үзүүлэлт жилд 200 гаруй хоног хүрч магадгүй аж.
Сүүлийн арван жилд цаг агаартай холбоотой гамшгийн улмаас дэлхий даяар 255 сая гаруй удаа хүмүүс дотооддоо нүүлгэгдсэн нь өдөрт дунджаар 70 мянга орчим тохиолдол юм.
Хүчтэй Эль-Ниньотой холбоотой үерийн улмаас 2026 оны эцэс гэхэд Сомали, Кени, Өмнөд Судан, Угандад гурван сая хүртэлх хүн нүүлгэгдэж болзошгүй гэсэн таамаг бий.
Олон дүрвэгсэд хүлээн авдаг эмзэг, мөргөлдөөнтэй орнууд дэлхийн уур амьсгалын санхүүжилтийн дөнгөж 10 орчим хувийг авдаг байна.
Агентлаг КОП31 бага хурал дээр дүрвэгсдийг улсуудын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгаж, богино хугацааны хүмүүнлэгийн тусламжаас орон нутгийн тогтвортой шийдэл рүү шилжихийг уриалахаар төлөвлөжээ.

