Хонконгийн Ма Он Шань цэцэрлэгт хүрээлэнд шүхрээр нисэгч гурван аялагчийг мөргөж гэмтээжээ
Шүхрийн нисгэгч өмнө нь буруу арга барилаар нисдэг байсныг шүхрээр нисэгчдийн холбооны дэд дарга хэлжээ.

Хонконгийн Ма Он Шань улсын цэцэрлэгт хүрээлэнд ням гарагт газардах үедээ удирдлагаа алдсан шүхрийн нисгэгч явган аялагч гурван хүнийг мөргөж гэмтээсэн тухай Хонконг Фри Пресс сайт мэдээлжээ.
Цагдаа 12.30 цагийн орчим шүхрээр нисэгчдийн дуртай газар болох Нгонг Пин орчимд өөрийг нь болон өөр хоёр хүнийг шүхэрчин мөргөсөн гэх эмэгтэйн дуудлага хүлээн авчээ.
42 настай эмэгтэй толгойгоороо цус гартал гэмтэж, түүний 14 настай хүү бэлхүүсээ гэмтээсэн байна. Эмэгтэйн найзын 15 настай хүүгийн толгой, гар гэмтжээ.
Засгийн газрын нисэхийн албаны нисдэг тэрэг гурвуулаа Ваньчай дахь буудал руу тээвэрлэсний дараа түргэн тусламжийн машин тэднийг Раттонжи эмнэлэгт хүргэсэн.
Шүхрийн нисгэгч бэртээгүй гэнэ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр 50 настай нисгэгч буруу арга барилаар нисдэг нь шүхэрчдийн дунд өмнө нь анзаарагдаж байсан аж. Хонконг-Хятадын шүхрээр нисэгчдийн холбооны дэд дарга Херман Чиу энэ хүнийг өмнө нь харж байсан бөгөөд осол гарах нь цаг хугацааны асуудал гэж бодож байснаа хэвлэлд ярьжээ.
Иргэний нисэхийн газар хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэргийг шалгаж байна.
Хонконгийн хуулиар шүхрээр нисэгчид төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй л бол Иргэний нисэхийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй.

