Германы анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Ильзе Айгнер нэр дэвших төлөвтэй байна
Ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны 1 дүгээр сарын 30-нд болно.

Баварийн улс төрч Ильзе Айгнер Германы дараагийн ерөнхийлөгч болж, энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болох төлөвтэй байгааг хэргийн талаар мэдээлэлтэй консерватив хоёр ахлах албан тушаалтныг иш татан Политико Юроп сайт мэдээлжээ.
Тэдний хэлснээр Канцлер Фридрих Мерцийн консерватив блок, төв-зүүний Социал демократ нам Айгнерийг Франк-Вальтер Штайнмайерийн залгамжлагчаар нэр дэвшүүлэх бөгөөд Даваа гарагт албан ёсоор зарлана.
Айгнер 2008-2013 онд Ангела Меркелийн засгийн газарт Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Баварийн мужийн парламентын дарга, Христийн социал холбооны гишүүн юм.
Штайнмайерийн таван жилийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2027 оны 3 дугаар сард дуусах ба тэрбээр дахин сонгогдох эрхгүй. Германы ерөнхийлөгчийн албан тушаал ихэвчлэн ёслолын шинжтэй, засгийн газрын бодлогыг канцлер тодорхойлдог.
Баварийн Ерөнхий сайд Маркус Зөдер 4 дүгээр сард Айгнерийг нэр дэвшүүлэхийг санал болгож байжээ. Христийн социал холбоо Баварийн улс төрд удаан хугацаанд ноёлж ирсэн ч Германы канцлер, ерөнхийлөгчийг хэзээ ч төрүүлж байгаагүй юм.



