Их Британийн агаарын хөдөлгөөний удирдлагын албаны тэргүүн нислэгийн доголдлын дараа олны дургүйцэл төрүүлснээ хүлээв
Райанэйр компанийн захирал түүнийг огцрохыг шаардаж буйг үл тоох нь өөрт нь “нэлээд таалагддаг” гэж Мартин Рольф хэлжээ.

Их Британийн агаарын хөдөлгөөний удирдлагын үндэсний үйлчилгээний гүйцэтгэх захирал Мартин Рольф 9 дүгээр сард агаарын хөдөлгөөний систем хоёр удаа доголдож, хэдэн зуун мянган зорчигчийн нислэг тасалдсаны дараа тэр сард өөрийгөө Их Британид хамгийн их дургүйцэл төрүүлсэн хүн байсан гэж хэлснийг Гардиан сонин мэдээлжээ.
Хоёр долоо хоногийн дотор хоёр удаа гарсан техникийн доголдол нислэгийн хөөрөлт, буултыг зогсоосны дараа Райанэйр тэргүүтэй агаарын тээврийн компаниуд Рольфыг огцрохыг шаарджээ.
Компаниудын хэлснээр, зөвхөн 9 дүгээр сарын 8-ны доголдол тэдэнд хэдэн арван сая фунт стерлингийн хохирол учруулжээ. Энэ доголдлыг засгийн газрын захиалгаар шалгаж байна. Доголдол гарсан өдөр 8000 орчим нислэг хийгдэх төлөвтэй байснаас 6000 нь ниссэн гэж Рольф Лхагва гарагт Лондонд болсон агаарын тээврийн чуулганы үеэр хэлжээ.
9 дүгээр сарын 21-нд Шотландын Прествик дахь удирдлагын хоёр дахь төвд гарсан доголдлоос болж 200 гаруй нислэг цуцлагдсан юм.
Хоёр тохиолдлын шалтгаан урьд өмнө байгаагүй зүйл байсан ч засварласан гэж Рольф хэлээд, дахин доголдол гарахгүй гэж амлаж чадахгүй гэжээ. Тэрбээр огцрох талаар бодоогүй бөгөөд Райанэйрын захирал Майкл О'Лири бараг бүх хүнд байнга ингэж хэлдэг гэж тайлбарлажээ.
Иргэний агаарын тээврийн газар урьдчилсан тайланг хянаж, 2027 оны эхээр Тээврийн сайд Хайди Александрт тайлагнана. Александр чуулганы үеэр системийн доголдлыг “зүгээр л хүлээн зөвшөөрөшгүй” хэмээн дүгнэжээ.



