Ираны заналхийллийн улмаас АНУ-ын Сангийн сайд Бессент цэргийн баазад нүүжээ
Ираны эсрэг эдийн засгийн дарамт шахалтыг удирдаж буй Бессент заналхийллийг үл харгалзан бодлогоо үргэлжлүүлнэ гэж Сангийн яам мэдэгджээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны зүгээс амь насанд нь заналхийлсний улмаас Вашингтоны орчмын гэрээсээ цэргийн баазад нүүжээ. Энэ тухай Ньюсвик сэтгүүл Нью-Йорк Таймс сониныг иш татан мэдээлэв.
Бессент ийнхүү цэргийн орон сууцанд нүүсэн Трампын засгийн газрын гурав дахь гишүүн болжээ. Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар Вашингтон дахь Форт Макнейр баазад нүүсэн юм.
АНУ-ын албаныхан Ираны зүгээс АНУ-ын одоогийн болон хуучин албан тушаалтнуудыг онилох оролдлого илүү ахисан шатанд хүрсэн гэж сүүлийн долоо хоногуудад дүгнэжээ. Бессентэд заналхийлсэн тухай тагнуулын мэдээлэл энэ дүгнэлтэд нөлөөлсөн гэж нэрээ нууцалсан гурван эх сурвалж Таймс сонинд хэлсэн байна. Гэхдээ заналхийлэл хэр ноцтой байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бессент “Ираны дэглэмийн заналхийллээс айж ухрахгүй” бөгөөд дарамт шахалтын бодлогоо үргэлжлүүлнэ гэж Таймс сонинд мэдэгджээ.
Бессент Ираны эдийн засгийг сулруулж, Исламын хувьсгалт харуулын корпусын санхүүгийн эх үүсвэрийг таслах засаг захиргааны ажлыг тэргүүлж байгаа юм. Сангийн яам 8 дугаар сараас хойш хориг арга хэмжээг чангатгаж, худалдааны замыг хязгаарлах замаар Тегераныг санхүүгийн хувьд тусгаарлахыг зорьж байна.
Гэвч зөвхөн эдийн засгийн дарамт Ираны хатуу байр суурьтай удирдлагыг эрх мэдлээсээ татгалзахад хүргэхгүй байж магадгүй гэж АНУ-ын тагнуулын үнэлгээнд дурджээ.
Иран өмнө нь ч АНУ-ын албан тушаалтнуудын эсрэг халдлага төлөвлөсөн гэж буруутгагдаж байсан. 2024 онд холбооны прокурорууд Исламын хувьсгалт харуулын корпусын ажилтан гэж тодорхойлсон Фархад Шакериг Ерөнхийлөгч Дональд Трампыг хөнөөх гэсэн хуйвалдаанд буруутгажээ. Прокуроруудын үзэж буйгаар, энэ нь 2020 онд АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтоор Ираны цэргийн командлагч Касем Сулеймани амь үрэгдсэний хариу өшөө авалт байжээ.
Дотоодын аюулгүй байдлын сайд асан Кристи Ноем, Цагаан ордны Тамгын газрын дарга Стивен Миллер нар ч цэргийн орон сууцанд нүүж байсан ч Миллерийн нүүдэл Ираны заналхийлэлтэй холбоогүй юм. Бессент цэргийн орон сууцанд хэр удаан байх нь одоогоор тодорхойгүй байна.



