Лос-Анжелест автомашин явган зорчигчдыг мөргөж, 3 хүн амиа алджээ
Гудамжны худалдаачдын майхан руу орсон жийпний ослын шалтгааныг эрх баригчид тогтоож байна.

Лос-Анжелес мужийн Норт Холливуд метроны буудлын ойролцоо Мягмар гарагийн орой автомашин явган зорчигчдыг мөргөж, 3 хүн амиа алдсаныг Лос-Анжелесийн гал унтраах алба мэдэгджээ. Энэ тухай Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
Гал унтраах албаны мэдээлснээр, дор хаяж өөр 3 хүнийг хүнд байдалтай эмнэлэгт хүргэжээ. Осол оройн 5:55 цагийн орчимд Ланкершим өргөн чөлөөний 5350 тоотод гарсан бөгөөд энэ хөл хөдөлгөөн ихтэй уулзварт метроны буудал, орон сууц, дэлгүүрүүд байрладаг.
“Өнөөдөр нэгэн жийп Норт Холливуд метроны буудлын ойролцоо явган хүний зам руу орж, гудамжны худалдаачид болон явган зорчигчдыг мөргөсөн” гэж Лос-Анжелес хотын дарга Карен Басс X сүлжээнд бичжээ. Түүний хэлснээр, ослын шалтгааныг эрх баригчид тогтоож байна.
Орон нутгийн Кей Ти Эл Эй телевизийн мэдээлснээр, осолд холбогдсон гэх цайвар өнгийн жийпний жолооч газар дээр нь гал сөнөөгчидтэй ярилцаж байжээ. Машин метроны буудлын ойролцоох хүнсний худалдаачны майхан руу орж, явган зорчигчдыг мөргөсөн бололтой.
Ослын улмаас метроны буудлын лифт ажиллахгүй байгаа тул зорчигчдыг Юниверсал/Студио Сити буудал, 224 дүгээр чиглэлийн автобусаар зорчихыг Метро уриалжээ.
Ослын нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна.



