Хегсетийн импичментийн санал хураалтад 11 ардчилагч оролцоогүй байжээ
Ардчилагчдын ирц муу байсан нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын эсрэг гаргасан импичментийн оролдлогыг бүтэлгүйтэхэд нөлөөлсөн гэж тус намын гишүүд үзэж байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд импичмент зарлах оролдлого Төлөөлөгчдийн танхимд Мягмар гарагт 211 эсрэг 204 саналаар бүтэлгүйтэж, Сенатад шилжихгүй болжээ. Энэ тухай Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
Санал хураалтад оролцоогүй ардчилагчдын тоо 11 хүрч, эцсийн зөрүүнээс давсан байна. Тэдний дунд Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси, Мичиган мужийн Хейли Стивенс, Нью-Мексико мужийн Мелани Стэнсбери, Вашингтон мужийн Мэрилин Стрикленд нар бий. Бүгд найрамдах намаас мөн 7 гишүүн санал өгөөгүй юм.
Калифорни мужийн ардчилагч Сидни Камлагер-Дав ирц бага байсан нь үр дүнд нөлөөлсөнд сэтгэл дундуур байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлжээ. “Ирцийн асуудлаас болоод бид энэ санал хураалтад ялагдах ямар ч шалтгаан байгаагүй” гэж тэрбээр хэлээд, Батлан хамгаалах яамыг Дайны яам болгон нэрийг нь өөрчлөхөд 100 сая ам.доллар зарцуулсан хэмээн Хегсетийг шүүмжилсэн байна.
Стэнсбери X сүлжээнд тайлбарласнаар, тэрбээр зам тээврийн осол, цагдаагийн дагалдан хамгаалалттай автобусны улмаас Капитолд цагтаа орж чадаагүй бөгөөд танхимд хүрэхэд санал хураалт дөнгөж дууссан байжээ. Тэрбээр импичментийн зүйл ангиудыг хүчингүй болгох саналыг эсэргүүцсэнээ Конгрессын тэмдэглэлд бүртгүүлсэн ч ийм мэдэгдэл албан ёсны дүнг өөрчилдөггүй.
Кентакки мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Томас Масси Хегсетийн эсрэг 8 зүйл анги дэвшүүлжээ. Тэдгээрийн 3 нь Конгрессын зөвшөөрөлгүйгээр АНУ-ын армийг гадаадын дайнд ашиглахыг хязгаарладаг 1973 оны Дайны бүрэн эрхийн тухай тогтоолыг зөрчсөн гэж, өөр хоёр нь Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурог хулгайлсан, Йеменд хууль бус дайн удирдсан гэж буруутгасан байна.
Масси мөн Хегсетийг энгийн иргэдийн хохирлыг багасгах хуулийг үл тоомсорлож, үг хэлэх эрх чөлөөг боомилсон, Номхон далай, Карибын тэнгист хар тамхи тээвэрлэсэн гэх завьд АНУ-аас цохилт өгөх замаар шүүхийн бус аллага үйлдэхийг тушаасан гэж буруутгажээ. 2025 оны 9 дүгээр сараас хойш эдгээр цохилтын улмаас дор хаяж 240 хүн амь үрэгдсэн юм.
Масси 9 дүгээр сард ч Хегсетийн эсрэг импичментийн зүйл анги оруулж байсан ч Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон санал хураалт явуулалгүй хуралдааныг завсарлуулжээ. Танхимын шинэ дарга болно гэж олон хүний хүлээж буй ардчилагч Хаким Жеффрис Хегсетийг хотоос хөөн гаргана гэж саяхан амласан байна.
Флорида мужийн ардчилагч Максвелл Фрост Хегсетийн эсрэг тусдаа импичментийн зүйл анги боловсруулсан бөгөөд ардчилагчид 1 дүгээр сард Төлөөлөгчдийн танхимын хяналтыг авсны дараа үүнийг оруулж магадгүй юм.



