Испанид 14 жилд анх удаа болсон бүх нийтийн ажил хаялтад олон сая хүн нэгдэж, орон сууцны үнийн өсөлтийг эсэргүүцжээ
Хэдхэн долоо хоногийн дараа болох сонгуулиар хэт баруун хүчин засгийн эрхэнд гарч болзошгүй байгаа энэ үед 24 цагийн ажил хаялт олон салбарт өргөн дэмжлэг авчээ.

Испани даяар олон сая хүн 14 жилд анх удаа болсон бүх нийтийн ажил хаялтад нэгдэж, орон сууцны үнийн огцом өсөлтийг эсэргүүцсэнийг Гардиан сонин мэдээлжээ.
Лхагва гарагийн 24 цагийн ажил хаялтыг тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүд болон түрээслэгчдийн холбоод дэмжсэн байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, автомашин, боомтын салбарт 90 хувийн, хог тээвэрлэлтэд 82 хувийн оролцоотой байсан ч бүс нутгуудад оролцоо жигд бус байжээ.
Барселонад ажилчид зам хааж, зарим газарт дугуй шатаасан бөгөөд нийтийн тээвэр бараг зогсчээ. Мадридад жагсагчид цагдаатай мөргөлджээ. Засгийн газрын албаныхны хэлснээр, үд дунд гэхэд улсын хэмжээнд жижиг зөрчлийн хэргээр 27 хүнийг баривчилсан байна.
Орон сууцны үнээс үүдэн хуримтлагдсан дургүйцэл 9 дүгээр сард 87 настай Марикармен Абаскалыг далан гаруй жил амьдарсан гэрээс нь албадан гаргасны дараа олны дунд ил гарчээ. Сүүлийн арван жилд түрээсийн үнэ 80 хувиар, орон сууцны үнэ 63 хувиар өсчээ.
“Улс орныг хувааж буй нэг асуудал бий. Энэ бол орон сууцтай болохын төлөөх тэмцэл” гэж тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэгийн тэргүүн Унаи Сордо радиод хэлжээ.
Испанид 11 дүгээр сарын 29-нд ээлжит бус бүх нийтийн сонгууль болно. Баруун жигүүрийн намууд орон сууцны хямралыг шийдэх яаралтай хуулийг унагасны дараа Социалист намын Ерөнхий сайд Педро Санчес хугацаанаас өмнөх сонгууль зарласан юм.
Баруун жигүүрийн намууд үйлдвэрчний эвлэлүүдийг Санчест албан тушаалаа хадгалахад нь туслах гэж байна хэмээн буруутгажээ. Санал асуулгаас үзэхэд, Ардын нам болон цагаачлалын эсрэг хэт барууны Вокс нам хоёрын эвсэл засгийн эрхэнд гарах магадлал хамгийн өндөр байна.



