Жүжигчин Ким Сү Хён худал мэдээлэл тараасан гэх ютюбчний шүүх хуралд мэдүүлэг өгчээ
Цагдаа жүжигчнийг буруутгалаас чөлөөлсний дараа түүний тухай мэдээлэл тараасан ютюбч өөрөө гүтгэлгийн хэргээр яллагдсан юм.

Солонгосын жүжигчин Ким Сү Хён хувийн амьдралынх нь талаар худал мэдээлэл тараасан хэргээр цагдан хоригдож байхдаа яллагдсан Гаро Серо судалгааны хүрээлэн ютюб сувгийн тэргүүн Ким Се Ыйгийн шүүх хуралд Лхагва гарагт гэрчээр оролцжээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Сөүлийн Төв дүүргийн шүүхийн 26 дугаар эрүүгийн хэлтэс анхны хуралдаанаа хийсэн бөгөөд Ким Се Ый гүтгэлэг, бэлгийн хүчирхийлэл, мөрдөн мөшгих гэмт хэргийн хуулийг зөрчсөн зэрэг хэргээр яллагдаж байна. Жүжигчин өдрийн 1:40 цагийн орчимд шүүхэд ирж, сэтгүүлчдийн хүлээж байсан гол хаалгаар бус тусдаа гарцаар оржээ.
Хэрэг бэлгийн хүчирхийллийг шийтгэх тухай хуулийн зөрчилтэй холбоотой тул түүний мэдүүлгийг хаалттай сонссон байна.
Өнгөрсөн жил Ким Се Ыйгийн суваг Ким Сү Хёныг нас барсан жүжигчин Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь түүнтэй үерхэж байсан гэж буруутгаснаар маргаан дэгдэж, жүжигчин урлагийн үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Гэвч цагдаа Ким Сү Хёныг хүүхэд хамгааллын хууль зөрчсөн, худал мэдүүлсэн гэх буруутгалаас чөлөөлж, хэргийг прокурорт шилжүүлээгүй юм.
Прокурорууд Ким Се Ыйг хиймэл оюунаар засварласан Ким Сэ Роны дуу хоолой гэх бичлэг тарааж, Ким Сү Хёныг заналхийлсэн гэж мөн буруутгажээ. Тэрбээр 6 дугаар сард яллагдсан бөгөөд бүх буруутгалыг үгүйсгэж байна.



