Хятад, АНУ, Оросын удирдагчдын уулзалтад Япон санаа зовж буйгаа АНУ-д илэрхийлжээ
АНУ Зүүн хойд Азийн холбоотнуудынхаа ашиг сонирхлыг үл тоон Хятад, Оростой тохиролцох вий гэж Токио болгоомжилж байна.

Хятад, АНУ, Оросын удирдагчдын гурван талт уулзалт болох магадлал нэмэгдэж байгаа энэ үед Японы засгийн газар АНУ-д санаа зовж буйгаа илэрхийлсэн гэж Японы Майничи сонин мэдээлжээ. Энэ тухай Эр Эф Ай радиогийн хятад хэлний алба мэдээлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 10-нд Парист айлчлах үеэрээ гурван талт уулзалт болох боломжтой гэж үзэж, дэлхийн цөмийн зэвсгийн тархалтыг хэлэлцэх сэдвийн нэг болгохыг хүсэж байгаагаа мэдэгджээ. “Бид уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар зохицуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Майничи сонины 11 дүгээр сарын 10-ны мэдээгээр, Япон 11 дүгээр сарын 18, 19-нд Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн удирдагчдын уулзалттай давхцуулан гурван талт уулзалт хийх магадлалд санаа зовж буйгаа АНУ-д илэрхийлсэн бол АНУ Японы санаа зовнилыг бүрэн ойлгож байна гэж хариулжээ.
Уулзалтаар цөмийн зэвсгийг хураах, Украин, Ираны асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү 11 дүгээр сарын 10-нд Парист АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт оролцоогоо бэхжүүлэх нь чухал гэж хэлжээ. Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн даргын орлогч Наканиши Юсүкэ ч АНУ-тай нягт харилцаж, зохих ёсоор хариу арга хэмжээ авна гэсэн байна.
Японы засгийн газар энэ хандлагад өндөр сонор сэрэмжтэй хандаж, зарим нь үүнийг Ялтын бага хуралтай зүйрлэж байна. 1945 онд АНУ, Их Британи, ЗХУ-ын удирдагчид Ялтын бага хурлаар дайны дараах асуудал, нөлөөний хүрээний талаар тохиролцож, ЗХУ Германыг бууж өгснөөс хойш 2-оос 3 сарын дотор Японы эсрэг дайнд орохоо амласан юм.