Хятад, Төв Азийн хооронд нислэг нэмэгдэж, Казахстан чиглэлд долоо хоногт 117 рейс үйлдэж байна
Хятад, Төв Азийн худалдаа 2025 онд 106.3 тэрбум ам.долларт хүрсэн нь нислэгийн өсөлттэй давхцаж байна.

Казахстан, Хятадыг холбосон долоо хоног тутмын хуваарьт нислэг 117 болж, жилийн өмнөхөөс 52 хувиар өсчээ гэж Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлэв.
Хятад болон Төв Азийн таван орны нисэхийн албан тушаалтнууд зах зээлээ цааш нээх асуудлыг 11 дүгээр сарын 3-5-нд Ташкентад хэлэлцэж байна.
Евразийн хөгжлийн банкны судалгаагаар бүс нутгийн агаарын тээврийн компаниуд 2025 онд 31.7 сая зорчигч тээвэрлэсэн нь 2019 оныхоос бараг хоёр дахин их аж. Ачаа тээвэр 2025 онд 335,700 тоннд хүрчээ.
Казахстан 2025 онд бүс нутгийн зорчигч тээврийн 48.7 хувийг эзэлсэн. Казахстан, Хятад 7 дугаар сард долоо хоногт зөвшөөрөгдөх нислэгийг 124-өөс 152 болгохоор тохирчээ.
Узбекистаны нисэх онгоцны буудлууд 2026 оны эхний есөн сард 12.66 сая зорчигч хүлээн авч, өмнөх оноос 13 хувиар өссөн байна.
Киргиз, Тажикистан, Туркменистаны зах зээл бага ч Хятадтай шууд нислэг нэмэгдэж байна. Чайна Саутерн компани Гуанжоу-Бишкек чиглэлийг 2026 оны 3 дугаар сард нээсэн юм.
Харин онгоцны буудлын шинэчлэл зорчигчийн өсөлтөөс хоцорч байгааг Евразийн хөгжлийн банк тэмдэглэжээ. Бүс нутагт 2035 он хүртэл нийт 5.1 тэрбум ам.долларын 12 том төсөл хэрэгжиж буй буюу төлөвлөгдсөн байна.
Хоёр талын гэрээ шинэ чиглэл нээхийг хязгаарласан хэвээр гэж банк үзэж байгаа бөгөөд эдгээр хязгаарыг сулруулах асуудал Ташкентын чуулганы хэлэлцэх зүйлд оржээ.



