Хятадад Ганц биеийн өдрийн илгээмжийг хурдны галт тэргээр тээж байна
Ганц биеийн өдрийн оргил ачааллыг даахын тулд хурдны галт тэргийн суудлыг ч илгээмж тээхэд ашиглаж байна.
Хятадын төмөр замын шуурхай шуудан үйлчилгээ 11 дүгээр сарын 11-ний Ганц биеийн өдрийн онлайн худалдааны баярт зориулан 11 дүгээр сарын 1-нээс 20 хоногийн оргил үеийн хүргэлтийг эхлүүлж, их хэмжээний илгээмжийг хурдны галт тэргээр тээж байна. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Мягмар гарагт Бээжингийн баруун өртөөнд галт тэрэг ирэхэд 10 ажилчин суудал хамгаалах бүрээс дэвсэж, илгээмжийг ачсан бөгөөд бүх ажиллагаа 10 минут хүрэхгүй хугацаанд дууссан байна.
Тус компанийн Бээжингийн салбарын дэд ерөнхий менежер Лу Фэйгийн хэлснээр, хурдны галт тэргээр илгээмжийг 4 цагийн дотор хүргэх боломжтой бөгөөд үйлчилгээ одоо Хятадын 196 томоохон хотыг хамарч байна.
Тэжээвэр амьтныг хурдны галт тэргээр тээх үйлчилгээ улсын хэмжээнд 144 хот, 170 өртөөнд өргөжиж, ачаа тээшний үйлчилгээ 212 өртөөнд хүрсэн байна.