Хятадад үнэгүй муур үрчилж аваад зээлийн гэрээнд орооцолдох явдал нэмэгджээ
Хуульчид ийм гэрээнд байгаа хэрэглэгчийн эрхийг хязгаарласан нөхцөлийг хүчингүйд тооцох ёстой гэж үзэж байна.
Хятадад зарим тэжээвэр амьтны дэлгүүр муур үнэгүй үрчлүүлнэ гэж сурталчилж, үйлчлүүлэгчдийг тодорхой хоол, хэрэгслийг олон сарын турш сар бүр худалдан авах гэрээнд оруулж байгааг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Хунань мужийн Чанша хотын нэгэн эмэгтэй наймдугаар сард Дуинь платформ дээрх зарын дагуу муур үрчилж авахад сар бүр 498 юанийн хоол, хэрэгсэл худалдан авах 24 сарын гэрээ байгуулах шаардлагатай болжээ. Муурыг бүрэн худалдаж авах бол 5000 юан төлөх ёстой бөгөөд гэрээ цуцлахад 15-30 хувийн торгууль ногдуулдаг байв.
Хубэй мужийн нэгэн оюутан эмэгтэйн үрчилж авсан муур хүнд өвчтэй байж нас барсан ч дэлгүүр гэрээг цуцлахаас татгалзсан байна. Чиндаогийн нэгэн залуу муур нь үхсэний дараа гэрээгээ үргэлжлүүлэх эсвэл 4700 юан төлөх шаардлагатай тулгарчээ.
Сэтгүүлч Бээжингийн дэлгүүрүүдээр нууцаар очиход нэг уут нь 188 юанийн муурын хоол зах зээлд 70 орчим юань байгааг тогтоосон юм.
Хятадын улс төр, хуулийн их сургуулийн дэд профессор Фан Шичяний хэлснээр, муур нас барсан ч төлбөрөө үргэлжлүүлэх, хэт өндөр торгууль тогтоох, гэрээ цуцлах эрхийг хязгаарлах зэрэг заалтууд хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг зөрчиж, хүчингүйд тооцогдох ёстой.
Мэргэжилтнүүд гэрээ байгуулахаас өмнө бүх төлбөр, цуцлах нөхцөл, тэжээвэр амьтны эрүүл мэндийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг заавал болгохыг санал болгож байна.

