Киргиз улс Солонгостой байгуулсан 18 гэрээгээ бодит төсөл болгохыг зорьж байна
Хоёр орон 2027 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Өмнөд Солонгост шинээр томилогдсон Киргизийн элчин сайд Мелис Мамадалиев 9 дүгээр сард болсон Солонгос-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг хөрөнгө оруулалт, технологи, бодит төсөл болгон хэрэгжүүлэхийг зорьж буйгаа Кореа Таймс сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр зургаан орны удирдагчийг цуглуулсан анхны дээд хэмжээний уулзалт илүү гүнзгий, стратегийн түншлэл рүү шилжиж буйг харуулж байна гэжээ. Уулзалтын хүрээнд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр талын уулзалт хийж, 18 хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг Киргизэд оффис нээхээр төлөвлөж байна.
Элчин сайдын үзэж байгаагаар Солонгосын компаниудад эрчим хүч, дэд бүтэц, ялангуяа усан цахилгаан станцын салбарт өргөн боломж бий. Нутаг дэвсгэрийн 94 орчим хувь нь уул бүхий Киргиз улсын усан цахилгааны нөөц боломжийн ихэнх нь ашиглагдаагүй байна.
Мөн алт, вольфрам, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын их нөөцтэй тул хагас дамжуулагч, батерей, цахилгаан автомашины үйлдвэрлэлдээ тогтвортой нийлүүлэлт хэрэгтэй Солонгостой хамтран ажиллах боломжтой гэж тэрбээр үзжээ.
2022 оноос хойш Киргизийн эдийн засаг жилд 9 орчим ба түүнээс дээш хувиар өсч байна. Солонгост суралцаж буй киргиз оюутны тоо таван дахин өсч, 3000 орчимд хүрчээ.



