НҮБ Этиопоос Кени рүү дүрвэсэн хүмүүст тусламж үзүүлэх хандив хүсчээ
Этиопын Мояле орчимд мөргөлдөөн үргэлжилж, 50 мянга орчим хүн хил давж Кенид орсон байна.

НҮБ-ын агентлагууд Этиопт гарсан мөргөлдөөнөөс дүрвэн Кенийн хойд хэсэгт орж буй хэдэн арван мянган хүнд дараагийн гурван сард амь аврах тусламж үзүүлэхэд найман сая есөн зуун мянган доллар хүсч байгааг Си Жи Ти Эн телевиз мэдээлжээ.
Хүсэлтийг НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын газар, Хүүхдийн сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр хамтран гаргажээ. Энэ нь 50 мянга хүртэлх хүнд туслах зорилготой ч шинээр ирэгсдийг тооцон 80 мянга хүртэлх хүний хэрэгцээг хангахаар төлөвлөсөн байна.
Этиопын Мояле орчимд 10 дугаар сарын 18-нд эхэлсэн мөргөлдөөн 22-нд зэвсэгт тулаан болж хурцадсан бөгөөд оршин суугчид дотооддоо нүүлгэгдэж, Кенийн Марсабит мужийн Мояле дэд муж руу хил давсаар байна.
Мужийн эрх баригчдын мэдээлснээр 11 дүгээр сарын 3-ны байдлаар 50 мянга орчим хүн Кенид орж ирсний ихэнх нь Кенийн талын Мояле дахь иргэдийн гэрт хоргодож байна. Шинээр ирэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын мэдээлснээр Мояле хотын Этиопын талын аюулгүй байдал тогтворгүй хэвээр байгаа аж. Шинээр ирсэн дүрвэгсэд орон сууц, хороолол их хэмжээгээр сүйдсэнийг ярьжээ.
«Хилийн ойролцоо хоргодож буй хүмүүс хамгаалалтын өндөр эрсдэлтэй тулгарч байгаа тул хүмүүнлэгийн түншүүд Кенийн орон нутгийн эрх баригчидтай хамтран тэднийг аюулгүй газар нүүлгэж байна» гэж тус газар мэдэгджээ.
Кени, Этиопын хилийн ойролцоох Сомаре зэрэг газарт хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж хязгаарлагдмал хэвээр байна.

