Өмнөд Солонгос таргалалтын эмтэй холбоотой хараа алдах ховор эрсдэлийн талаар сэрэмжлүүлэв
Мунжаро эмийн сарын жорын тоо 14.7 орчим дахин өссөн Солонгост эрүүл мэндийн байгууллага эмийн хэрэглээний анхааруулгыг шинэчлэх эсэхийг судалж байна.

Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам Вегови, Мунжаро зэрэг таргалалтын эмтэй холбоотой нүдний ховор өвчний эрсдэлийн талаар эмч, өвчтөнүүдэд Лхагва гарагт сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Уг өвчин харааны мэдрэлийн цусан хангамж буурснаас үүсдэг бөгөөд гэнэт, бүр бүрмөсөн хараа алдахад хүргэж болзошгүй юм. Гадаадын зохицуулагч байгууллагууд энэ өвчинтэй холбоотой арга хэмжээ авсны дараа яам ийн сэрэмжлүүлсэн байна.
Европын эмийн агентлаг өнгөрсөн оны 6 дугаар сард уг өвчнийг Вегови эмийн идэвхтэй бодис семаглутидын маш ховор гаж нөлөө гэж ангилж, 10,000 хэрэглэгч тутмын 1 хүртэлд тохиолдож болзошгүй гэж тооцжээ. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа Даваа гарагт эмийн шошгон дээрх анхааруулгад энэ эрсдэлийг нэмж тусгахыг эм үйлдвэрлэгчдээс хүссэн байна.
Сэрэмжлүүлгийн дагуу эдгээр эм хэрэглэж буй хүнд уг өвчин сэжиглэгдвэл эмчилгээг зогсоож, тэр дор нь үзлэгт хамруулах ёстой. Холбогдох шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд эмчдээ яаралтай хандахыг зөвлөжээ.
Яам мөн Солонгост эдгээр эмийг борлуулдаг компаниудаас бүтээгдэхүүний зөвшөөрлөө өөрчлөх төлөвлөгөө зэрэг мэдээллийг ирүүлэхийг хүссэн бөгөөд түүнд үндэслэн эмийн хэрэглээний анхааруулгыг шинэчлэх эсэхийг шийдэх юм.
Эрүүл мэндийн даатгалын хяналт, үнэлгээний албанаас Ардын хүчний намын гишүүн Хан Жи-аад 7 дугаар сард ирүүлсэн мэдээгээр, Мунжаро өнгөрсөн 8 дугаар сард дотоодын зах зээлд гарснаас хойш энэ оны 5 дугаар сар хүртэл 1,501,161 удаа бичигджээ.
Сарын жорын тоо өнгөрсөн оны 8 дугаар сарын 18,579-өөс энэ оны 5 дугаар сард 273,140 болж, 14.7 орчим дахин өссөн байна. Насны бүлгээр 30-аад насныхан 36 хувийг эзэлж тэргүүлсэн бол 40-өөд насныхан 27.1, 20-иод насныхан 16.9, 50-иад насныхан 14.6 хувийг эзэлжээ.
Вегови эм 2024 оны 10 дугаар сард зах зээлд гарснаас хойш энэ оны 5 дугаар сар хүртэл нийт 1,228,867 удаа бичигдсэний 46.4 хувь нь 20-иод, 30-аад насныхан байна.



