Өмнөд Солонгосын Хамтарсан штабын дарга КФ-21 сөнөөгч онгоцонд нисч, агаарын хамгаалалтыг шалгажээ
Өмнөд Солонгосын хамгаалалтын тогтолцоо пуужинг эрт илрүүлж сөнөөх, урьдчилан цохих, хариу шийтгэх гурван тулгуураас бүрддэг.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний хамтарсан штабын дарга генерал Жин Ён Сон Лхагва гарагт Агаарын цэргийн ангид очиж, өөрсдийн үйлдвэрлэсэн КФ-21 сөнөөгч онгоцонд нисч, агаарын хамгаалалтын бэлэн байдлыг шалгажээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Тэрбээр Сөүлээс зүүн өмнө зүгт 160 орчим км зайтай Ечон тойргийн 16 дугаар сөнөөгч жигүүрт очиж, КФ-21, ФА-50 сөнөөгч онгоцуудын хамтарсан нислэгийг удирдсан байна. Нисгэгчидтэй уулзахдаа давамгай агаарын давуу байдлаар дайсныг саатуулж, гэнэтийн нөхцөлд шуурхай хариу үзүүлэх бэлэн байдлыг хадгалахыг тэрбээр уриалжээ.
Жин мөн баллистик пуужин хөөргөлтийг тагнах Агаарын цэргийн ангид очиж, Солонгосын агаар, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн байлдааны бэлэн байдлыг шалгаж, үүнийг тус улсын гурван тулгуурт саатуулах тогтолцооны “гол хөрөнгө” гэж нэрлэжээ.
“Энэ бол дайсны пуужингийн өдөөн хатгалгыг шууд илрүүлж, пуужингийн довтолгооноос хамгаалах ажиллагааны эхлэлийг тавьдаг анги юм” гэж Жин хэлээд, ямар ч төрлийн пуужинг шуурхай илрүүлэх эрт сэрэмжлүүлгийн бэлэн байдлыг өдөр шөнөгүй хадгалахыг тушаажээ.
Энэ систем ирж буй баллистик болон бусад пуужинг эрт үе шатанд илрүүлж, сөнөөх зорилготой юм. Гурван тулгуурт тогтолцооны нөгөө хоёр нь урьдчилан цохилт өгөх Алах гинж систем, томоохон мөргөлдөөний үед Хойд Солонгосын удирдлагыг саармагжуулах их хэмжээний шийтгэл, хариу цохилтын төлөвлөгөө юм.
Энэ үйл явдлыг бусад эх сурвалж хэрхэн мэдээлсэн
Yonhap News Agency, англи хэлнээс
JCS chief inspects aerial defense posture aboard KF-21 fighter jet



