Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтаар 150 орчим хэлэлцээрт гарын үсэг зурав
Путин долоо хоногийн дотор Африкийн удирдагчидтай бараг 20 удаа хоёр талын уулзалт хийжээ.

Орос-Африкийн гурав дахь дээд хэмжээний уулзалтын дүнд Москва болон Африкийн орнуудын хооронд 150 орчим хэлэлцээрт гарын үсэг зурсныг Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Хэлэлцээрүүдийг боловсролын байгууллагууд, мэдээллийн агентлагууд, арилжааны байгууллагуудын хооронд ч байгуулжээ.
Тэдний дунд Орос болон Өмнөд Африкийн хөгжлийн хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө, Мозамбиктай авто замын салбарт хамтран ажиллах санамж бичиг, Этиопын нийслэл Аддис-Абеба дахь Оросын Улаан загалмайн эмнэлгийн тухай хэлэлцээр, Сенегалтай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комисс байгуулах хэлэлцээр зэрэг багтжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Москвад Африкийн удирдагчидтай бараг 20 удаа хоёр талын уулзалт хийсэн юм. Тэрээр Хий экспортлогч орнуудын форум, дараа нь дээд хэмжээний уулзалтын үеэр Мозамбик, Экваторын Гвиней, Ливи, Египет, Этиоп, Намиби, Бурунди, Кени зэрэг орны удирдагчидтай уулзаж, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцжээ.
Путин аравдугаар сарын 29-нд дээд хэмжээний уулзалт амжилттай өндөрлөснийг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, хүрсэн тохиролцоог байнгын ажиллагаатай механизмаар системтэйгээр хэрэгжүүлэх аж.



