Оросын Самара мужийн газрын тос боловсруулах үйлдвэр нисгэгчгүй онгоцны томоохон довтолгоонд өртөв
Трампын шахалтаар Киев Оросын боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоосон гэх мэдээлэл гарсны маргааш энэ халдлага болжээ.

Оросын Самара мужийн захирагч Новокуйбышевск хотын газрын тос боловсруулах үйлдвэрийг өглөө эрт нисгэгчгүй онгоцоор довтолсонд Украиныг буруутгажээ. Энэ тухай Политико Европ сонин мэдээлэв.
“Киевийн бузар дайсан дээд амжилт тогтоохуйц олон нисгэгчгүй онгоц хөөргөсөн. Хохирсон хүн байхгүй нь хамгийн чухал” гэж захирагч Вячеслав Федорищев Макс мессенжерт мэдэгдэв.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, шөнийн дотор Самара болон бусад 18 бүс нутгийн дээгүүр Украины 1,043 нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ.
Захирагч юу оносныг задруулахгүй байхыг иргэдэд хүссэн ч Оросын хараат бус Астра суваг Оросын армид онгоцны түлш үйлдвэрлэдэг тус үйлдвэрт гал гарсныг мэдээлжээ. Роснефтийн мэдээллээр, үйлдвэр жилд 8.8 сая орчим тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.
Уолл Стрийт Жорнал пүрэв гарагт Киев Трампын шахалтаар арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгууль хүртэл Оросын боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоохоор тохирсон гэж мэдээлсэн юм. Украин энэ сарын эхээр 72 цагийн турш ийм цохилтоо зогсоож байсан ч Кремль Украины эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдсөөр байв.
Баасан гарагийн өглөөний байдлаар Украин хариуцлага хүлээгээгүй ч алсын тусгалын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг Украины Файр Пойнт компани телеграмд тохуурхсан бичлэг нийтэлжээ.
Орос мөн шөнө Украин руу баллистик пуужин, 100 гаруй нисгэгчгүй онгоцоор довтолж, Киевт нэг хүн амь үрэгдэж, Днепрт 350,000 хүн цахилгаангүй болжээ.



