Пакистанд хүний эрхийн өмгөөлөгч хосод 10 жилийн хорих ял оноов
Эмнести Интернэшнл хүний эрхийн нэрт өмгөөлөгч хосын эсрэг шүүх хурлыг шударга бус гэж буруушаажээ.

Пакистаны терроризмын эсрэг шүүх хүний эрхийн өмгөөлөгч Иман Мазари, түүний нөхөр Хади Али Чаттха нарт 2024 оны крикетийн аялан тоглолтын үеэр аюулгүй байдлыг зөрчсөн гэх хэргээр 10 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Хосыг 2024 оны аравдугаар сарын 25-нд Английн крикетийн баг Пакистанд аялан тоглолт хийж байх үеэр Исламабадад багийн хамгаалалтын цуваанд зориулсан замын хаалтыг авч, цагдаа нарт саад учруулсан гэж буруутгасан бөгөөд тэд үүнийг үгүйсгэж байна.
Хоёулаа терроризмын эсрэг хуулиар 10 жилийн хорих ял авсны дээр төрийн албан хаагчдад саад учруулж, хүч хэрэглэсэн хэргээр нэг, хоёр жилийн нэмэлт ял авсан ч ялуудыг нэгтгэн эдлэх юм. Шүүх тус бүрийг нь 200,000 Пакистан рупигээр торгожээ.
“Эхнэрийнхээ ажил, идэвхтэй үйл ажиллагааг дэмжсэнийхээ төлөө төдийгүй шударга бус байдлыг эсэргүүцэх замыг хамтдаа сонгосныхоо төлөө шийтгүүлж байна” гэж Чаттха мэдэгдэлдээ дурджээ.
Эмнести Интернэшнл хосыг нээлттэй, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хасаж, шүүх хурлыг шоронд шилжүүлэн тэднийг тор шиг байгууламжид хорьсон гэж шүүмжилжээ.
Хосыг нэгдүгээр сарын 23-нд Исламабадын Дээд шүүхийн гадаа болсон маргаантай холбоотой өөр хэргээр баривчилсан бөгөөд маргааш нь цэргийнхнийг шүүмжилсэн олон нийтийн сүлжээний нийтлэлийнх нь төлөө 17 хүртэлх жилийн ял оноож байв.
Улсын дээд шүүх есдүгээр сарын 17-нд тэр ялыг түдгэлзүүлж батлан даалтад гаргасан ч тэднийг 2025 оны гуравдугаар сард болсон жагсаалтай холбоотой хэргээр мөн өдөр нь дахин баривчилжээ. Мазаригийн ээж Ширин Мазари бол экс Ерөнхий сайд Имран Ханы засгийн газрын хүний эрхийн сайд асан юм.



