Пентагон АНУ дахь Күнзийн институтыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэл гэж зарлав
Дайны яам 30 их сургуульд аудит хийж, жагсаалтад орсон байгууллагуудтай 80 гаруй харилцааг таслан зогсоосон гэж мэдэгдэхэд Бээжин гүтгэлэг гэж хариулав.

Редакцийн тэмдэглэл: энэ мэдээг Америкийн дуу хоолойн хятад хэлний албаны эх нийтлэлээс орчуулсан болно.
АНУ-ын Дайны яам Америкийн их сургуулиудын хотхонд байрлах Хятадын санхүүжилттэй Күнзийн институтыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэл гэж зарлав. Хятадын Гадаад хэргийн яам Даваа гарагт хариу өгч, институтуудыг онилсон “гүтгэлэг, гутаан доромжлол”-ыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.
Дайны сайд Хегсет Баасан гарагт видео илгээлтдээ Күнзийн институтыг АНУ-ын бараг бүх муж дахь их сургуульд нэвтэрсэн “Хятадын засгийн газрын дэмжлэгтэй суртал ухуулгын соёлын хөтөлбөр” гэж тодорхойлов. Тэрбээр Конгресс хэдэн жилийн өмнө институтуудыг хориглосон ч өөр нэрээр, шинэ хэлбэрээр эргэн ирсэн гэжээ.
“30 их сургуульд өөр нэр, өөр дүрэмтэй боловч оюуны өмчийг хулгайлж, америк оюутнуудын оюун санаанд нэвтрэх гэсэн нэг л зорилготой 80 шинэ суртал ухуулгын үүр гарч ирсэн нь тогтоогдлоо” гэж тэрбээр хэлэв.
Тэрбээр Пентагон эдгээр байгууллагыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй байгууллагын жагсаалтад оруулж, сүүлийн хоёр сарын хугацаанд “эдгээр байгууллага бүрийг системтэйгээр задалсан” гэж мэдэгдэв.
Хегсет үгэндээ Күнзийн институттэй холбоотой оюуны өмч хулгайлсан тодорхой тохиолдлыг нэрлээгүй.
Хятад юу гэж байна вэ? Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякүнь Даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр Хятад “Күнзийн институтыг онилсон гүтгэлэг, гутаан доромжлол”-ыг эсэргүүцэж байгааг мэдэгдэв. “Хятад, АНУ-ын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд тусалдаг. Энэ нь хоёр талын, харилцан ашигтай бөгөөд үүнийг тасалдуулж, сүйтгэж болохгүй” гэж тэрбээр хэлэв.
Хегсетийн мэдэгдлээс хэд хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 19-нд Дайны яам АНУ-ын 30 их сургуульд судалгааны аюулгүй байдлын анхан шатны аудитыг амжилттай дуусгаснаа зарласан.
Пентагоны мэдээлснээр, анхан шатны аудитад хамрагдсан бүх 30 их сургууль Үндэсний батлан хамгаалахын эрх олгох тухай хуулийн 1286 дугаар зүйлийн санаа зовоосон байгууллагын жагсаалтад орсон гадаадын байгууллагуудтай тогтоогдсон харилцаагаа шийдвэрлэжээ.
Дайны яамны мэдээлснээр, аудитын үр дүнд 80 гаруй “цуцлалттай холбоотой арга хэмжээ” авсан бөгөөд үүнд жагсаалтад орсон байгууллагуудтай харилцаагаа таслах, мөн жагсаалтад тусгайлан ороогүй байгууллагуудтай холбоотой урьдчилан сэргийлэх цуцлалт багтжээ.



