Байгаль орчин

Шинэ Дели утаатай тэмцэхээр өвлийн шинэ хязгаарлалтуудыг хэрэгжүүлж эхлэв

Өмнөх жилүүдийн ижил төстэй арга хэмжээ жил бүрийн утаанаас сэргийлж чадаагүй байна.

CNA1 мин унших

Зураг: CNA

Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн эрх баригчид дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн нэг болох хотын хортой утааг бууруулахаар зогсоолын төлбөрийг нэмэгдүүлж, зайнаас ажиллах журам нэвтрүүлсэн гэж Си Эн Эй мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон хязгаарлалтаар автомашины зогсоолын төлбөрийг хоёр дахин нэмж, төрийн болон хувийн байгууллагын ажилтнууд зайнаас ажиллах зохицуулалт хийжээ. Яндангийн утааны стандарт хангаагүй тээврийн хэрэгслийг нийслэлд нэвтрүүлэхгүй бөгөөд тоос гаргадаг нураах ажил, гадна барилгын үйл ажиллагааг хориглосон байна.

Делийн засгийн газар өнгөрсөн сард хог шатаахыг хориглож, нүүрс, түлээ хэрэглэдэг хүнсний лангуунд хязгаарлалт тогтоосон байна. Гэвч өмнөх жилүүдийн ижил төстэй хүчин чармайлт арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл хотыг бүрхдэг утааг бууруулж чадаагүй юм.

Энэтхэгийн Байгаль орчны яамны мэдээллээр Делийн өвлийн бохирдлын 23 хувийг тээврийн хэрэгсэл, 20 хувийг биомасс шаталт, 9 орчим хувийг аж үйлдвэр бий болгодог.

Өвлийн оргил саруудад нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ шоо метрт 300 микрограммаас давдаг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 20 орчим дахин их юм. 2025 онд энэ үзүүлэлт 846 микрограмм буюу зөвлөмжөөс 56 дахин их болж дээд цэгтээ хүрчээ.

Арваннэгдүгээр сарын 1-нд хэмжилтээр 201 микрограмм буюу аюулгүй хязгаараас 13 дахин их байсан. «Лансет» сэтгүүлийн салбар хэвлэлд 2024 онд нийтэлсэн судалгаагаар 2009-2019 онд Энэтхэгт 3.8 сая хүний үхэл агаарын бохирдолтой холбоотой байжээ.

Бусад мэдээ