Токиод хуурамч үүрэн холбооны станц ажиллуулсан хэрэгт Хятадын иргэнийг прокурорт шилжүүлжээ
Цагдаа энэ хэргийг гадаадын жуулчдыг залилсан хуурамч мессежүүдтэй холбоотой эсэхийг шалгаж байна.

Токиогийн Гинза худалдааны дүүрэгт хуурамч үүрэн холбооны станцын төхөөрөмжөөр томоохон операторын үйлчилгээг тасалдуулсан хэрэгт сэжиглэгдсэн Хятадын иргэнийг даваа гарагт прокурорт шилжүүлсэн гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Токиогийн цагдаагийн мэдээлснээр Кита дүүрэгт амьдардаг, ажилгүй 31 настай Юй Хай Гинзагийн гудамжинд зогсоосон машинаасаа зөвшөөрөлгүй станц ажиллуулж, Докомо компанийн үйлчилгээнд саад учруулж байх үедээ бямба гарагт баривчлагджээ.
Төхөөрөмж хүчтэй дохио цацаж, ойролцоох утсыг хуучин 2 дахь үеийн сүлжээнд шилжүүлээд мессеж илгээдэг байсан гэж цагдаа сэжиглэж байна. Юй Хай буруутгалыг үгүйсгэжээ.
Өнгөрсөн оны 1 дүгээр сараас Токиогийн аялал жуулчлалын газруудад гадаадын жуулчид вэб холбоос бүхий хятад хэлээр бичсэн сэжигтэй мессеж хүлээн авч эхэлсэн юм.
Энэ оны 10 дугаар сар гэхэд Японд зочилж эсвэл суралцаж буй Хятадын 18 иргэн мессеж дэх холбоосоор орсныхоо дараа зээлийн карт нь зөвшөөрөлгүй ашиглагдсан тухай цагдаад хандсан байна. Нийт хохирол 4 сая иен орчим болжээ.
Японы Харилцаа холбооны яам өнгөрсөн оны 1 дүгээр сард асуудлыг Токиогийн цагдаад мэдэгдэж, дөрвөн сарын дараа хуурамч станц үүрэн холбоонд саад учруулж байгааг олон нийтэд анхааруулсан.
Мэдээллийн технологийн сэтгүүлч Ё Микамигийн хэлснээр ийм мессеж Японы худалдаа, үзвэр үйлчилгээний хөл хөдөлгөөн ихтэй газруудад бүртгэгдэж байгаа нь Хятадын жуулчдыг онилж буйг харуулж байна.



