Зүүн өмнөд Ази дэд бүтцийн санхүүжилтийн асар их дутагдалтай тулгарч байна гэж Азийн хөгжлийн банк мэдэгдэв
Бүс нутагт 2040 он хүртэл жил бүр дунджаар 476 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Зүүн өмнөд Азийн орнууд 2040 он хүртэл дэд бүтцэд 7.1 их наяд ам.доллар оруулах шаардлагатай ч санхүүжилтийн асар их дутагдалтай тулгарч байгааг Азийн хөгжлийн банк Мягмар гарагт нийтэлсэн тайландаа дурджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
АСЕАН-ы 11 гишүүн орныг хамарсан тайланд эдийн засаг тэлж, хотжилт хурдсаж, дижитал эдийн засаг хөгжихийн хэрээр орчин үеийн дэд бүтцийн хэрэгцээ өсч байгааг онцолжээ.
2026-2040 онд бүс нутагт жилд 476 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ. Одоогийн түвшинд засгийн газрын зардал энэ хэрэгцээний ердөө 45 хувийг хангаж, жил бүр 264 тэрбум ам.долларын дутагдал үүсэх юм.
Бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээний 85 хувийг эрчим хүч, тээвэр эзэлж байна. Тээврийн салбарт авто зам хамгийн их хөрөнгө оруулалт шаардаж байгаа бол төмөр зам, нисэх онгоцны буудлын эрэлт хамгийн хурдан өсч байна.
“Зүүн өмнөд Азийн өсөлт дараа нь юу барихаас хамаарна” гэж Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масато Канда хэлжээ.
Тайланд засгийн газрын төсвийн дарамт, хувийн хэвшлийн оролцоо хязгаарлагдмал байгааг гол сорилт гэж үзжээ. Банк орнуудад төслийн бэлтгэлийг бэхжүүлж, тогтвортой зохицуулалтын орчин бүрдүүлж, худалдан авах ажиллагааг ил тод болгохыг зөвлөсөн байна.